Эцэг, эхчүүд дүрэмт хувцсанд сайн үнэлгээ өгөв

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Эцэг, эхчүүд дүрэмт хувцсанд сайн үнэлгээ өгөв

Биднийг бага байхад амар ч байж дээ гэж хааяа бодох юм. Учир нь тэр үед арван жилийн хүүхдүүд орос формоор жигдрээд элдэв маргаан гардаггүй байж. Эдэлгээ ч сайн. Эгч, ахынхаа өмсөж байсан формыг дүү нар нь өмсдөг байв. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэргэцэн эцэг, эхчүүдийн санааг зовоох болсон бас нэг асуудал бол сурагчийн дүрэмт хувцас. Нэг хэсэг бараг мартагдах шахсан дүрэмт хувцсыг орчин үеийн загвар дизайнтай урлаж хүүхдүүдэд өмсгөх бодлогыг салбарын яамнаас баримталж байгаа. Тэр ч бүү хэл “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгохоор болж, стандартад нийцсэн, шаардлага хангасан сурагчийн дүрэм хувцас үйлдвэрлэх шаардлага тавьсан. Гэвч энэ хичээлийн шинэ жил эхэлсээр сурагчийн дүрэмт хувцас тойрсон элдэв маргаан тасарсангүй. Үнэтэй, чанар муу байна хэмээн эцэг эхчүүд гомдоллож байгаа. Уг нь салбарын яамнаас дүрэмт хувцасны үнийг 41-99 мянган төгрөгт багтаах шийдвэр гаргаад байгаа ч бодит байдал дээр сурагчийн дүрэмт хувцас ямар үнэтэй байгаа, эцэг эхчүүд ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхээр Нийслэлийн тэргүүний тав, болоод 50 дугаар дунд сургуулийг зорилоо. Тус сургуулиудын хувьд зөвхөн нэгдүгээр анги нь л шинэ дүрэмт хувцсаа авчээ. Бага ангийн багш нарын зүгээс загвар хийц, чанарын хувьд сайн боловч жоохон үнэтэй байна гэдгээс өөр гомдол хэлсэнгүй. Эцэг эхчүүд ч мөн адил чанар, загвар нь сайн ч хамгийн гол нь үнэ өндөр юм гэж байлаа. Ингээд зарим эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг нь сонирохлоо. 

ХУД-ийн иргэн Х.Энхчимэг: Үнэ хямд байвал жил бүр сольсон ч болно

-Манай хүүхэд энэ жил дөрөвдүгээр анги. Одоогоор дүрэмт хувцсаа аваагүй л байна. 15-наас хойш авах байх. Энэ жилийн дүрэмт хувцсыг харсан загвар сайтай боломжийн санагдсан. Хамгийн гол нь үнэ өндөр байна. Нэг хүүхэдтэй айл 100 мянган төгрөгийн дүрэмт хувцсыг авч болох ч олон хүүхэдтэй айлд хэцүү. Хүүхдийн хувцас ямар ч чанартай байсан урагддаг юм чинь 1-2 жил өмсөхөд л хангалттай байх. Бас өмнөх жил авсан хувцас нь энэ жил таарахгүй болох явдал гардаг учраас үнийг нь л хямд байлгах хэрэгтэй. Хэрэв тэгвэл жил бүр ч сольсон болно шүү дээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Энхзаяа: Үндэсний үйлдвэрлэл гэдгээр нь дэмжиж байгаа

-Охин маань энэ жил нэгдүгээр ангид орсон. Өнгөрсөн долоо хоногт дүрэмт хувцсаа авсан. Загвар нь хөөрхөн боломжийн санагдсан шүү. Хоёр ээлжийн цагаан цамц нэг сарфаныг 80 мянган төгрөгөөр авсан. Үндэсний үйлдвэрлэл гэдгээр нь нэлээд дэмжиж байгаа. Түүнээс биш урдаас оруулж ирсэн хувцас бол бас асуудалтай. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж