Ирээдүйн шинэ хотыг байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Ирээдүйн шинэ хотыг байгуулна

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко” хот байгуулахыг өнгөрсөн жил шийдвэрлэсэн юм. Энэ дагуу ирээдүйн шинэ хот байгуулах ажил одоогоор “Их майдар” бурханыг байрлуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хийж буй юм байна. Тодруулбал, эко хотын төв хэсэгт байрлах 54 метрийн өндөр “Их майдар” бурханы бүх хэсгийг авчирч, угсрахад бэлэн болжээ. Бурханы арын талд 108 метр өндөр суварга байрлах бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт сүндэрлэх хот байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, монголчуудын сүсэг бишрэлийг дээдэлсэн орчин үеийн хот болгохыг зорих юм байна. Энэ хэсэг нь эдийн засаг, дэд бүтцийн хувьд ашигтай байрлалд буюу үүгээр төмөр зам, авто зам өнгөрөхөөс гадна Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдах нисэх онгоцын буудлыг нийслэлтэй холбох хурдны зам дайрахаар төлөвлөжээ. Мөн хотод хэрэгтэй бүхий л спорт, соёлын зориулалттай байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг барих юм байна. Байгалийн дархан цаазат газар Богдхан уулын өвөр орчмоор ирээдүйн шинэ хотыг байгуулах учир хууль зөрчилгүй, байгалийн онгон дагшин газрыг хэвээ хадгалж үлдээхийн тулд дэвсгэр газрын онцлог, шинж чанарыг харгалзан үзэж, уулын орой хэсэгт аливаа барилга барихгүй ажээ. Хотын хэмжээнд яригдаж буй бүтээн байгуулалт учир замын хөдөлгөөнийг нарийвчлан шийдэх ёстой буюу хотын замын хөдөлгөөн явган зорчигч, дугуй болон нийтийн тээврээр зонхилсон байх юм байна. Автомашиныг холын зайнд л ашиглах бөгөөд үндсэндээ “Майдар эко хот” хавиарх замын хөдөлгөөнд явган зорчигч, дугуй унасан иргэд давуу эрхтэй байх гэнэ. Харин цахилгаан тээвэр буюу троллейбуснууд 20 м/цаг хүртэлх хурдтай явах юм байна. Үндсэндээ одоогийн Улаанбаатар хотод тулгардаг замын хөдөлгөөний ачааллыг үүсгэлгүй, стрессгүй хот болгохыг зорих юм гэсэн.

Энэхүү улсын өнгө төрхийг шинээр тодорхойлох хотыг байгуулахад маш их хөрөнгө шаардлагатай, амаргүй бөгөөд  бүтээн байгуулалтад хэрэгтэй хөрөнгийг татан төвлөрүүлэх ажил хамгийн асуудалтай тухай албаныхан хэлсэн. Энэ хөрөнгө оруулалтад гадныхан багагүй сонирхож байгаа бөгөөд нийт хэдий хэмжээний хөрөнгийг хэрхэн төсөвлөх, гадны хөрөнгө оруулалтаар оруулж ирэх асуудал одоогоор тодорхойгүй байна.

Ийнхүү Монгол ёс заншлийг шингээсэн “Их майдар” бурханы бэлгэдэлтэй, шашин, түүхийн хосолсон, улсын нүүрс царай болох эко хот байгуулах ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж