“Оюутолгой”-н шинэ захирлыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н шинэ захирлыг томиллоо

Чухам хэзээ, хаана болох нь тодорхойгүй байсан “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тус компанийн шинэ гүйцэтгэх ерөнхий захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр ноён Крэйг Киннелийг томилжээ. Эдүгээ Рио Тинтогийн зэсийн салбарын маркетингийн захирлын албыг хашиж байгаа ноён Крэйг Киннел энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс шинэ албандаа орох юм.

Ноён Киннел Рио Тинто группийн зэсийн бизнесийн орлогыг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх, түүний дотор "Оюутолгой"-н зэсийн баяжмалыг олон улсын нөхцөлөөр худалдаалах гэрээ байгуулахад сүүлийн гурван жил чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Крэйг Киннел энэ албан тушаалд ажиллах болсонд би баяртай байна. Тэрбээр эрчтэй, чадварлаг удирдагч болохоо харуулсан хүн юм. "Оюутолгой" томоохон бүтээн байгуулалт байхаа нэгэнт больж, өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, найдвартай явуулж буй компани боллоо. Өмнө нь хэд хэдэн уурхайг удирдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр үнэ хүргэж борлуулж ирсэн арвин туршлага өвөртөлсөн Крэйг Киннел "Оюутолгой"-г ойрын ирээдүйд амжилттай удирдаж чадах хамгийн тохирсон сонголт мөн” гэж онцлон тэмдэглэжээ.

“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирлын хувьд ноён Киннел тус компанийн бүхий л үйл ажиллагаа, түүний дотор үйлдвэрлэлийн аюулгүй байдал, стратеги, уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүхий л зөвшөөрөл, лиценз, үйлдвэрийн өсөлттэй холбоотой асуудлыг бүхэлд нь хариуцахаас гадна “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх удирдлагын хороог даргалах ажээ.

Ноён Крэйг Киннел уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай. Шотландын Санкт Эндрью хотод төрсөн тэрээр 1985 онд Пейсли дээд сургуулийн маркетинг, эдийн засгийн ангийг бакалавр зэргээр төгссөн даруйдаа Рио Тинтод анх ажилд оржээ. Тэрээр 1992 онд Английн Креньфилдийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнээс хойш Рио Тинтод янз бүрийн албан тушаал хашиж, тухайлбал, Рио Тинтогийн ураны салбарын гүйцэтгэх захирал, дараа нь Рио Тинтогийн төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
 
Ноён Киннел Рио Тинто группт 27 жил ажилласан “Оюутолгой” ХХК-ийг сүүлийн гурван жил удирдсан ноён Камерон МакРейн оронд ажиллах ажээ.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж