“Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний мөнгө угаасан байж болзошгүй гэх энэхүү хэргийн гол сэжигтэн нь Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан юм. Хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар эх сурвалжаас тодруулахад, “Санхүүгийн аудитын дүгнэлтээр манай улсын талаас БНХАУ-д төлөх ёстой байсан мөнгөнөөс 50 орчим тэрбум төгрөг дутсан нь илрээд байгаа. Энэ хэрэгт холбогдуулан Д.Амарсайхан болон хэд хэдэн төрийн албан тушаалтан, “Петрочайна” компанийн зарим ажилтнаас мэдүүлэг авч байгаа. Олон холбогдогчтой хэрэг тул мөрдөн байцаалтын явц удаашралтай байна” гэлээ.
“Петро чайна дачин тамсаг” компани нь манай улстай анх 2007 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа юм. Энэ орлогоос их хэмжээний мөнгийг угаасан байж болзошгүй хэргийг ийнхүү шалгасаар байна.