Хямрал бизнесийнхэнд “эмчилгээ” хэрэгтэйг харууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Хямрал бизнесийнхэнд “эмчилгээ” хэрэгтэйг харууллаа

М.Халиунбат: Эдийн засгийн хямрал бизнесийнхэнд “эмчилгээ” хэрэгтэйг харуулж байна


“Young manager college”-оос бизнесийнхэнд зориулсан “S&OP + Бизнес модель”-ийн сургалтыг анх удаа зохион байгуулах гэж байна. Тус компанийн захирал  М.Халиунбаттай энэ сургалтын талаар ярилцлаа.
 

– Сургалт хэзээ болох вэ, ямар хүмүүс суувал зүгээр вэ?

– Сургалтаа есдүгээр сарын 13-ны Баасан гаригт зохион байгуулахаар төлөвлөсөн. Борлуулалтын,санхүүгийн, гадаад худалдаа, татан авалттай холбоотой ажилтнууд, ер нь компанийн  өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцдог хүмүүст зориулсан сургалт. Байгууллага нөөцөө хамгийн бага түвшинд яаж байлгах вэ, эдийн засаг хүндрээд буй энэ үед борлуулалтаа  зохистой түвшинд яаж барих вэ вэ гэх мэт компанид хэрэгтэй олон асуудлыг дэлхийд сүүлийн үед нэлээн түгээмэл хэрэглэж байгаа аргачлалуудад үндэслэн заана.

– S&OP, Бизнес модель гэдгээ энгийнээр тайлбарлаач. Дэлхийн том компаниудын ашигладаг аргачлалууд гэж ойлгож болох уу?

– S&OP-г бид борлуулалт, үйл ажиллагааны төлөвлөлт гэж орчуулаад байгаа юм. S&OP гэхээр хүмүүс анддаггүй. Дэлхийн бүх том компани S&OP-г ашигладаг. 2002, 2003 оноос хойш моодны болоод байгаа аргачлал. Уг нь аль далаад оны үед япончууд санааг нь гаргасан байдаг юм. Гэхдээ саяхнаас түгээмэл болсон. Сургалтын хагас өдөр нь үүний талаар заана. Нөгөө хагаст нь бизнес моделийг онцолно.  Бизнес модель гэдэг ойлголт сүүлийн маш чухал болж байгаа. Ямар нэг компани хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга барил гээд маш олон зүйлээ шинээр харж, бизнесээ бусдаас өвөрмөц, өөрөөр хийж болдог. Тэгэхийн тулд тодорхой аргачлал хэрэг болдог. Тэр аргачлалыг нь бизнес модель боловсруулах гээд байгаа юм.

– Тэгвэл ижил салбарт өөр өөр бизнес модель гаргаж амжилттай яваа дэлхийн компани гэвэл та ямар компанийг онцлох вэ?

– Андройд гээд үйлдлийн систем байна. Ихэнх смарт гар утаснууд энэ систем дээр ажилладаг. Гэтэл Apple-ийн гар утсанд зөвхөн өөрийн системийг л ашигладаг. Энэ хоёр гэхэд л огт өөр төрлийн моделиуд. Жишээ нь Google андройд гэдэг үйлдлийн системээ дэлхий нийтэд үнэгүй ашиглуулдаг. Google-ийн андройд системийг ашиглаад Samsung, болон өөр олон компани гар утас үйлдвэрлэж байна. Үнэгүй  ашиглуулаад байдаг нь цаанаа нарийн учиртай. Андройдыг олон хүн ашиглах тусам  Google-д ашигтай байдаг. Андройд дээр тулгуурлаж хүмүүс янз бүрийн программ, аппликейшн бичдэг.  Буцаагаад тэр аппликейшнээ ашиглаж мөнгө олохын тулд Google-д хандахаас аргагүй болдог л доо. “Би гар утсанд зориулсан ийм программ хийчихлээ, энийгээ ашиглаж мөнгө олмоор байна” гэхээр нь Google тэр программ дээр нь зар сурталчилгаагаа байрлуулдаг. Тэр зар сурталчилгаан дээр дарах тоолонд нөгөө хүнд болон Google-д мөнгө орж байдаг. Google 50 тэрбум ам.долларын эргэлттэй, 12 тэрбум ам.долларын ашигтай компани. Ашиг олж байгаа гол юм нь андройд үйлдлийн систем дээр тулгуурласан зар сурталчилгааны тогтолцоо байдаг. Гэтэл Apple-ийн бизнес модель огт өөр. Үйлдлийн системээ хэнд ч ашиглуулдаггүй. Зөвхөн өөрсдөө ашигладаг. Apple-ийн бүтээгдэхүүнийг зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүндээ л зардаг. Өөр ямар ч бүтээгдэхүүнтэй уялддаггүй. Гэлээ гээд муудсан юмгүй. Тодорхой хэмжээний зах, зээл хэрэгчлэгчтэй компани. Энэ бол ижил төстэй IT-гийн кормпаниуд огт өөр модель ашиглаж байгаагийн жишээ. Энэ мэтээр бизнесээ  бусдаас өөр байлгах боломж нээлттэй байгаа. Бид сургалтаараа бизнес модель гэж юу болох талаар тодорхой мэдээлэл өгөх юм.
 
– Сургалтад оролцсон хүмүүстээ дэлхийд бэстселлэр болсон “Борлуулалт, үйл ажиллагааны төлөвлөлт” номыг бэлэглэнэ гэв үү?

– Бизнесийн байгууллагынхны үйл ажиллагаандаа хэрэглэж болох аргачлалуудыг багтаасан номыг монгол хэл дээр гаргасан тохиолдол бараг байхгүй. Компаниудад  бодитой нэмэр болъё гэсэн зорилгоор  энэ жил 18 ном орчуулаад эхнээсээ хэвлэж байна. Бид сургалтад оролцсон хүмүүстээ нэг номыг нь бэлэглэхээр бэлдлээ. Томас Ф.Уоллас, Роберт А.Сталь нарын бичсэн S&OP-ийн талаарх “Борлуулалт үйл ажиллагааны төлөвлөлт” гэсэн нэртэй. Томмас Ф. Уоллас нь S&OP хийдэг аргачлалыг анх зохион бүтээсэн хүн. Дэлхийн 30 гаруй оронд хэвлэгдсэн ном байгаа юм. Цаашдаа Харвардын хэвлэлийн компаниас гаргадаг есөн цуврал, Financial times-ийн гаргадаг зургаан цувралыг хэвлэхээр бэлдээд байгаа. Мөн бизнес процесс гэдэг ойлголтыг эх барьж авсан хоёр хүний “Корпорацийн инженерчлэл” гэдэг номыг орчуулж байна.
 
– Сургалтын дараа компанийнхаа бизнес моделийг гаргах боломжтой юу?

– Бүрэн боломжтой. Компанийнхаа бизнес моделийг харж, дүрслээд тэрэн дээрээ тулгуурлаж  бодож сэтгэж байгаад шинэ бизнес модель гаргаад  ирэх боломжтой. Ингэхийн тулд яах ёстой вэ гэсэн бүх аргачлалыг үзнэ.

– Таны саяын ярьсан Google, Apple-ийн жишээ сонирхолтой санагдлаа. Тэдэн шиг нэг салбарт бизнесийн өөр өөр модель сонгож амжилттай ажиллаж байгаа компани манайд байна уу?

– Монголын хувьд нэг салбарт өрсөлдөж байгаа компаниуд яг адилхан модельтой байдаг. Бие биенээсээ ялгардаггүй. Ялгарах гэж оролдож байгаа ч тэр нь онцлох ялгаа болж харагддаггүй л дээ. Маркетингаараа өрсөлдөж, бие биенээсээ илүү юм амлаад байдаг. Хамгийн тод жишээ гэхэд л үүрэн телефоны компаниуд. Шагналынх нь хэмжээ улам л өсөөд байдаг. Суурь модель нь адилхан болохоор ялгарах гэж өндөр үнэ  зарж өрсөлддөг. Тэгж өрсөлдөөд төдийлөн амжилт олдоггүй. Харин бизнесээ өөрөөр сэтгэж, өөрөөр зохион байгуулаад явчихвал хурдан хугацаанд ялгараад, амжилт олох боломж нь нээлттэй байдаг.  
 
– Тэгвэл мэргэжлийн байгууллагаас нь зөвлөгөө аваад өөрийн гэсэн бизнес моделио олчихвол мөнгө төгрөг зарлагадахгүй хамаагүй хялбархан юм байна?

– Бизнесээ өөр өнцгөөс хурдан хараад зөв хувилбараа сонгоод явах боломж хэнд ч байдаг. Өнөөдөр эдийн засаг хэцүүдлээ гэж ярьж байна. Энэ үед ихэнх байгууллага зардлаа танаж эхэлдэг. Нэг бодлын зөв л дөө. Монголын эдийн засаг 2010 оноос хойш их сайхан өссөн. Тэр хэрээр компаниуд  томрох гэж, идэвхтэй ажиллах гэж хүн хүчээ нэлээд хэмжээгээр нэмж, зарим зардлаа өсгөсөн байдаг. Өөрөөр хэлбэл илүүдэл өөхнүүд үүссэн гэсэн үг. Ийм үед хямрал үүссэн нь зөв зүйл гэж бодож байна. Учир нь улсын хэмжээнд гэхэд л макро эдийн засгийн түвшинд буруу байгаа юмнуудыг бүгдийг нь жагсаалаас гаргадаг. Бизнесийн түвшинд ч гэсэн хэрэггүй, үр ашиггүй байгаа зардлууд байхгүй болдог. Тэгэхээр хямрал бол маш сайн эмчилгээ.  
 
– Эдийн засаг хямарч байна гээд зардлаа танах нь бизнес модель талаасаа хэр зөв бэ?

– Хямарч байна гээд бизнесээ жижиглэж, хамаг зардлаа танаж хасаад явсан компани хождоггүй. Харин ч эсрэгээрээ, хямарч байгаа энэ нөхцлийг илүү зөв талаас нь харж, зөв боломжоо гаргаж, зөв юман дээрээ төвлөрч, ажилчдынхаа итгэл үнэмшил, сэтгэл санааны байдлыг өндрөөр өргөөд гарсан компанид хямралын дараа маш хурдан хугацаанд илүү томрох боломж гардаг. Зарим хүмүүс эдийн засаг хямарсан үед сургалтанд суух хүн олдох уу гэж байгаа. Харин ч ийм үед энэ төрлийн сургалт  өмнөхөөсөө  илүү хэрэгтэй. Одоогийн байдлаар гэхэд 30 гаруй хүн бүртгүүлчихсэн. Сургалтад хамруулах хүмүүсийн маань тал нь бүрдсэн гэсэн үг. Эрэлт байгаа нь эндээс харагдаж байна. Ийм үед зөв сэтгэж, бизнесээ зөв олж харчихвал эдийн засаг өссөн үед илүү томрох бололцоотой. Зах зээл мөчлөгийн шинж чанартай, өгсөн, уруудаж байдаг. Дараагийн өсөлтийн үед илүү томроход одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд тааруулсан моделиуд юу байж болох вэ гэдгээ хараад авчихна. Бидний S&OP-гийн талаарх сургалт гэхэд “илүү өөх”-ийг багасгахад маш чухал ач холбогдолтой. 
 
– Сургалтад суух хүмүүсийн хувьд өөрийнхөө компанийн бизнес моделийг гаргахаас  гадна өрсөлдөгч компанийнхаа бизнес моделийг олж харах хүсэл байгаа байх?

– Бид сургалтын явцад яг өөрийнх нь байгууллагын болон өрсөлдөгчийнх нь  бизнес моделийг зуруулаад, хоорондын ялгааг нь харуулна. Ялгаа байхгүй бол яагаад тийм байгаа талаар нь ярилцана. Ялгаатай модель байгаа эсэхийг бодолцож, тодорхой хэмжээний мэдлэг толгойдоо хийгээд гарна гэдэгт итгэлтэй байна.
 
– Одоо S&OP-г яръя. Энэ аргачлал талаас харахад манай компаниуд юун дээр алдаа гаргаад байна?

– Манай ихэнх байгууллагыг нарийвчлаад харахаар нэг зүйл анзаарагддаг. Мэргэжлийн хэллэгээрээ бол функциональ гэж нэрлэдэг юм. Чиг үүргийн бүтэцтэйгээр ажилладаг гэсэн үг. Маркетинг, хүний нөөц санхүү гээд чиг үүргээр нь ангилаад зохион байгуулчихдаг. Энэ бүтцийн хамгийн дутагдалтай тал нь хоорондоо уялдаж холбогдож ажиллахдаа муу байдаг. Санхүүгийн хүн бол санхүүгээ, маркетингийн хүн нь маркетингаа хийгээд явчихдаг. Бүгдээрээ суугаад компанийнхаа өрсөлдөх чадварын тухай хэзээ  ч ярьдаггүй явцуу маягийн бүтэц л дээ. Тийм ч учраас алдаа их гардаг. Худалдаа борлуулалтын компаниуд дээр илүү хүчтэй илэрдэг. Борлуулалтынхан зарж байгаа бүтээгдэхүүн нь элбэг арвин байгаасай, нөөц их бүрдүүлэхсэн гэж бодно. Нөөц гэдэг эргээд зардал шүү дээ. Нөөцийг худалдаж авсан мөнгөний зээлээс эхлээд яривал их алдагдалтай. Гэтэл санхүүгийнхэн аль болох бага нөөцтэй байлгахыг хүсдэг. Үйлдвэрлэлийнхэн ч юмуу, эсвэл гаднаас бараа үйлчилгээ авчирч байгаа хэсэг нь болохоор жигд хэмжээгээр тогтмол байлгахыг хүсдэг. Ингээд тал талын ашиг сонирхол зөрж байгаагаас болоод зөрчилддөг. Манай улсын тухайд, ихэнх тохиолдолд борлуулалтынхан давамгайлсан шинжтэй байдаг. Тэр хэмжээгээрээ нөөц нь ихэсчихдэг. Их хэмжээний нөөц яг одоогийн нөхцөлд бол хамгийн хортой дайсан. 2008 онд долларын ханш чангарах үеэр  миний мэдэх олон компани зарж борлуулах хэмжээнээсээ 3-4 дахин их нөөцтэй байсан. Доллар 1100 төгрөг байхад гурван сарын бүтээгдэхүүнээ гадаадын нийлүүлэгчээсээ зээлээр авчихсан. Нөгөө бараагаа 1100-даа тулгуурласан тооцоогоор зарчихна аа даа. Тэгээд төлбөрөө төлөх гэтэл долларынх нь ханш 1600-1700 болж өнөөдрийнх шиг байдал үүссэн. Өөрөөр хэлбэл тэр үед олон компани долларын ханшин дээр асар том алдагдалд орсон.  SOP-ийн гол мөн чанар юу гэхээр, хоорондоо уялдаж ажиллаж чадахгүй байгаа сонирхлын зөрчилтэй нэгдлүүдийг яаж хамтарч ажиллуулах вэ гэдэгт анхаардаг. Ингэснээр дотоодод байгаа нөөц, зээлийн хүү гээд маш олон асуудлыг хамгийн зохистой түвшинд  байлгах асуудлыг байгууллагаар нь системтэй зөв хийлгэдэг болгох гээд байгаа юм.
 
– Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед яаж зөв ажиллахаа олоод харчих л юм байна?

– Бидний нэг гол зорилго энэ л дээ. Ялангуяа худалдааны компаниудад их ач холбогдолтой сэдэв. Учир нь тэд өнөөдөр долларын ханшнаас болоод хэцүү байдалд орчихоод байгаа. Ийм үед яаж ажиллавал хамгийн оптимальный байж чадах вэ гэдэг гарцаа олж харахад энэ сургалт чухал хэрэгтэй.
 
– Долларын ханш өсөхөөр импортолдог компаниуд алдагдалд орж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд ч түүхий эдээ гадаадаас авдаг нь олон. Тэгэхээр энэ сэдэв маш олон хүний сонирхлыг татаж байгаа байх. Долларын ханш яах нь тодорхойгүй нөхцөлд яаж ажиллах аргыг бас хэлж өгөх үү?   

– Сүүлийн хэдэн жил манай улсын импорт экспортоосоо илүү байгаа. 2011 онд ганц удаа экспорт нь давсан. Манай  эдийн засгийн ерөнхий төлбөрийн тэнцэл дандаа хасах явж байна. Гол бизнесүүд ихэвчлэн импортын үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний үйлдвэрлэгч байлаа гэхэд таны хэлснээр  үндсэн үйлдвэрлэлд ашигладаг түүхий эд материал нь импортынх  байдаг. Ер нь импортоос хараат биш бие даасан бизнес их ховор. Ийм үед хамгийн зөв шийдвэрийг яаж гаргах вэ гэдгийг ярих ёстой л доо. Нийгэмд долларын ханшийн талаар янз бүрийн төсөөлөлтэй байгаа энэ үед бизнесээ яах вэ, яавал зөв байх вэ гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж байна. Долларын ханш өсч буурах нь тодорхойгүй үед бизнесээ яаж төлөвлөх вэ, өсчихвөл ийм хувилбараар, буурвал энэ замаар гэх мэтээр бүх юмыг төлөвлөж, урьдчилж бэлдээд бизнесээ зохистой байлгаж сурахад нь л туслах зорилгоор энэ сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтад бүртгүүлье гэвэл манай компанийн 7000-2530 утсаар бүртгүүлэх боломжтой.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж