“Үхэртийн хөндий”-н удаах түүх

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

“Үхэртийн хөндий”-н удаах түүх

Хүний мөнхийн дагуул бол өмчлөх сэтгэлгээ. Өмсөх хувцасгүй байх үеэс л бий болсон  тэрхүү өмчтэй байх хүслийг хэтрүүлбэл шунал болно. Хэрэгтэй бүхнийг өөрийн болгохын төлөөх тэрхүү өмчлөх сэтгэлгээг нэгэн үе нийтийн өмч гэдгээр хязгаарлах гэж оролдсон ч үр дүнд хүрээгүй. Нийтийн өмчийг өөрийнх болгосон олон баримт одоо сөхөгдөж байгаа. Түүний нэг нь төрийн өмчит байрууд. Тэр дундаа жинхэнэ утгаараа нийтийн өмч байсан музейн барилгыг нэгэн намд нялзаан өмчилсөн явдал  “Үхэртийн хөндийн түүх” хэмээх хошин үзүүлбэртэй дэндүү адилхан. Лениний музей гэх нэрээр олны танил болсон бор саарал байшин хотын маань ганган чамин барилгын нэг болон сүндэрлэж байсан үе бий. Уг музейг анх БНМАУ-ын Соёлын яамны захиалгаар 1974-1980 онд барьжээ. Оросуудын барьж байгуулсан тэрхүү музейг ерээд оны эхэн үеэс булаацалдаж эхэлснийг түүхийн хуудаснаас харж болно. Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрх барьсан он жилүүдэд төр өмчөө бүртгэж эхэлсэн бөгөөд Лениний музейг ч төрийн өмчийн нэгээхэн хэсэг гэдгийг хамгийн анх тэр үед бүртгэжээ. ТӨХ Лениний музейг 1997 онд төрийн өмчид бүртгэж авах гэхэд МАХН өмчлөлийн маргаан гаргаж байсан ч шүүхээс тус музейг “төрийн өмч ” хэмээн тогтоосон байдаг аж.

Түүнээс хойш төр хэдэнтээ эргэж, МАХН нэрээ сольж МАН болсон ч  “Үхэртийн хөндий манайх” гэж үхтэлээ гүрийдэг хужаа зангаа тавилгүй өнөөдөртэй золгоод байна. Хууль бусаар хил  давсан үлэг гүрвэлийн “ирэх” сургаар Чандмань төвийг буцааж музейн зориулалтаар нь ашиглах шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан. Тэр цагаас эхлэн музейн барилга хэрүүлийн алим болж, дөрвөн ч удаагийн Шүүх хурал болоод байна. Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд хуралдсан давж заалдах шатны шүүхээс тус барилгыг төрийн өмчөөр тогтоон, Үлэг гүрвэлийн музей болгосон билээ. Гэвч МАН-ынхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсээр… Бүүр Дээд шүүхэд хандаад байгаа. Үнэндээ бол МАН-д өмч нь багадаагүй. Нарийн яривал намын байрыг ч зөвхөн намын гишүүд нь босгочихоогүй. Нийтийн өмч давамгайлсан он жилүүдэд нийтийн өмчөөр далайлган төрийн өмчийг намын нэр дээр авсан л хэрэг. Тэгээд ч он цагийн эргэлтэд элэгдэж хорогдсоор хуучирсан тэрхүү байшинд нь бус хотын А зэрэглэл дэх байршилд л хамаг учир байгаа нь мэдээж. Өөрийнх хэмээн зүтгэсээр авчээ гэхэд шийдвэр гарсны маргааш л тэрхүү хуучин барилгыг түрээд буулгачих нь хэнд ч тодорхой. Түүний оронд АНУ-аас авчирсан үеэс түр байранд байршуулсан Т-Батаар хэмээх үнэт олдвороо, цаашлаад бүл нэмэх олон олон эд өлгийн зүйлст тэрхүү байшинг зориулах гэсэн шийдвэрийг сайшаан хүлээн авч буй нь олон байна.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж