Ам.долларын ханш өнгөрөгч амралтын өдрүүдэд 1780-1790 төгрөгт хүрсэн нь иргэдийг бухимдуулахад хүрсэн бол энэ долоо хоногоос бага багаар буурсаар одоогоор ам.долларыг дунджаар 1710-1720 төгрөгөөр худалдаж байна. Ам.долларын ханшийн хэлбэлзэлтэй, түгшүүртэй эдгээр өдрүүдэд Төв банкны хийх интервенцийг олон нийт ажиглан буй. Төв банк ханшийн савалгаатай үед дотоодын зах зээл дэх гадаад валютын эрэлт, нийлүүлэлтэд дүн шинжилгээ хийн, арилжааны банкуудад валют нийлүүлж, эсвэл худалдан авч интервенцийг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт хийдэг. Тэгвэл өнөөдөр Төв банк гадаад валютын дуудлага худалдаагаа хэрхэн хийснийг сонирхлоо. Өнөөдөр арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 8.0 сая ам.доллар, 93.0 сая юанийг худалдсан байна. Өнөө цагт “тэнгэрт хадсан” үнэтэй ам.доллар ноёнтонг хазаарлахын тулд ийнхүү 8.0 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн юм байх.
Гадаад валютын дуудлага худалдаа /интервенц/ нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР