УИХ-аас баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багасан юм байна. Тухайлбал, албан ёсны статистик мэдээллээр 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол дээрх хуулийн нөлөөгөөр жил дараалан буурсаар 2012 онд 6 тн болж 4 дахин буурсан, мөн Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдахаас өмнөх 4 жилд 77 тн алт олборлодог байсан бол хууль хэрэгжсэн 4 жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна.
Алтны дэлхийн зах зээлийн үнэ 2000 оноос хойш тасралтгүй өсч, 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2012 онд 1800 ам доллар болж 6 дахин өсчээ.
Зах зээл дээрх алтны үнэ өсөөд байхад манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь дээрх хууль батлагдсантай холбоотой бөгөөд үндсэндээ татвараас зугтааснаар хууль бус алтны олборлолт нэмэгдсэн гэнэ. Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай хуулиар зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, татварын хэмжээ нэмэгдсэнээр зарим ордын эдийн засгийн үр ашиг багассанаар татвараас зайлсхийж арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах болжээ.
Тиймээс төсөл санаачлагчид Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, олборлосон алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжиж алтны худалдаанд зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алтны олборлолт болон валютын нөөц нэмэгдэнэ гэж үзсэн байна. Мөн Монгол Улсын хурамтлалын хэмжээ өсч, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна гэсэн өөдрөг төсөөлөл гаргаад буй юм.
Тухайлбал, алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.
Мөн хуулийн төсөлд алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх УИХ, Засгийн газар, Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгчээ. Ингэснээр
алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор зааж өгчээ.
УИХ-аас 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, мөн түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар уг хуулиар хориглосон талбайд хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг 5 сарын хугацаанд багтаан цуцлах байсан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн.
Засгийн газраас 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын хувьд цуцлах шийдвэр гарсан боловч нөхөх олговор олгох санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, экологийн хохирлыг дүйцүүлэн тооцох хуулийн зохицуулалтгүй зэрэг олон шалтгаанаас хуулийн хэрэгжилт биелээгүй байна.
Үүний дараа 2012 оны зургадугаар сарын 5-ны /УИХ-ын сонгуулийн үеэр/ Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан.
Эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 1336 тусгай зөвшөөрөл тоологдсон. Одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа аж.
909 хайгуулын, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон. Энэ нь одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувьтай тус тус тэнцэж буй юм байна. Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицол алдаа мадаг ихтэй, зарим гол энэ хилийн заагт ороогүй, зарим цэг солбицол улсын хилийн гадна гарсан байсан аж. Алдааны дийлэнх хэсэг нь сумдын Засаг даргаас ирүүлсэн саналаар тогтоосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагт хамаардаг гэнэ. Учир нь орон нутгаас хилийн зааг тогтоохдоо шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, зэргэлдээх аймаг сумдтай уялдаа холбоогүйгээр тогтоосон байна.
Иймд дээрх хилийн заагт хамрагдаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нөхөх олговрын санал ирүүлэх ажлыг одоогоор зохион байгуулаагүй байгаа хэдий ч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тодорхойлолтыг үндэслэн Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны геологи хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөг батлаагүй, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа аж.
Монгол Улсын төсөвт уул уурхайн салбараас оруулах орлого буурсан нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай тодорхой хэмжээнд холбоотой гэж үзэж байгаа юм. Тухайлбал уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсны 6.6 орчим хувь нь энэ хуультай холбоотой гэсэн судалгаа гарчээ. Мөн хуулиар хориглосон талбайд хамаарах алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноор алтны салбараас улсын төсөвт оруулдаг орлого 20 хувиар буурсан. Үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий алтны шороон ордын нөөцийн үлдэгдэл 27.4 тонн, үндсэн ордын нөөц 96.4 тонн, нийт 123.8 тонн байгаагаас хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулах магадлал бий болжээ.
Энэ бүх нөхцөл байдлыг дүгнэж үзээд Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн ба Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулинд өөрчлөлт орохгүй бөгөөд уг хууль бүрэн хэрэгжих нөхцлийг агуулж байгаа аж.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь хууль батлагдан гарч дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн ордыг ашиглаад нөхөн сэргээх баталгааг гаргах ба тодорхой шалгуурт тэнцэж байвал орон нутагтай хамтран гурвалсан гэрээ байгуулан, мэргэжлийн олон нийтийн хяналтын дор ажиллаж улмаар байгаль орчныг унаган төрхөнд нь оруулж хүлээлгэж өгөхөд оршжээ. Хууль батлагдсан нөхцөлд дараах эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна.
- Хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
- Уул уурхайн үйлдвэрлэлд өртсөн байгаль орчин нөхөн сэргээгдэж, хуулиар хориглосон талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгогдохгүй болно.
- Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд харилцан ойлголцолд хүрч, хамтран ажилладаг болно.
- Хууль батлагдахаас өмнө олгогдсон 346 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд олгох байсан нөхөх олговрын асуудал шийдэгдэж төсвийн дарамт тодорхой хэмжээгээр буурна.
- Хуулийн үйлчлэл тодорхой болсноор хүлээсэн байдалтай байсан хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилж уул уурхайн салбарт хийгдэх гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого нэмэгдэнэ.
Хамгийн том үр дүн нь гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, хууль улсын төсөвт ачаалал, хүндрэл харьцангуй багатайгаар хэрэгжих боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.