Утаа бууруулахад 15 сая ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Утаа бууруулахад 15 сая ам.доллар зарцуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаар” төслийн багийнхантай хамтран энэ өвөл хэрхэн агаарын бохирдолтой тэмцэх,  эрчим хүчний хэмнэлттэй зуухыг айл өрхөд олгох ажлын талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Нийслэлийн утааг бууруулах чиглэлд энэ жил хэрхэн ажиллах вэ. Энэ ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлсэн хорт утааг бууруулах төсөл өчигдөр дуусгавар болсон. Харин энэ жил Дэлхийн банктай хамтран “Улсын нийслэлдээ утаагүй амьдарцгаая” уриатайгаар төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянга гаруй гэр хорооллын өрх байдаг гэсэн албан бус тооцоо, судалгаа байдаг. 2011 оноос хэрэгжүүлсэн утааг бууруулах төслийн хүрээнд үндсэн дөрвөн төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Нийтдээ 120 мянган орчим өрхөд нийлүүлсэн гэсэн  тооцоо судалгаа байгаа. Энэ 2013-2014 оны хооронд үлдсэн 45 мянган өрхөд хөнгөлөлттэй үнээр зуух нийлүүлэх бөгөөд энэ онд энэхүү төсөл дуусч, нийт гэр хорооллыг иргэдийг 100 хувь хангахаар ажиллаж байна. Бидний тооцоолсноор нийслэлийн бүх гэр хорооллын айлуудыг эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангаж чадвал хорт утааг 50-80 хүртэлх хувиар бууруулж чадна. Энэ жилийн тухайд нийт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа.

-Утаагүй зуух авахыг хүссэн иргэдэд ямар шаардлага тавих вэ?

-Оршин суугаа хороондоо бүртгэлтэй, өмнө нь энэ төсөлд хамрагдан зуух худалдан авч байгаагүй гэх хоёр шаардлага тавьж байгаа. Шаардлага хангаж байвал оршин суугаа дүүрэг, хорооноос үл хамааран зуух худалдан авах боломжтой. Зах зээлийн үнэлгээгээр 370 мянган төгрөгийн үнэтэй зуухыг төслийн хүрээнд 29-36 мянган төгрөгөөр худалдаалж байгаа шүү дээ.

-Нийслэлд оршин суудаг, мөн шилжин ирсэн иргэд харьяа хороондоо бүртгэлгүй байх нь олонтаа. Бүртгэлгүй иргэд зуух худалдан авах боломжтой юу?

-Иргэд эрхээ эдлэх гэж байгаа бол үүргээ ч мөн адил биелүүлдэг байх хэрэгтэй. Хуулийнхаа дагуу заавал оршин суугаа газраа бүртгүүлэх ёстой. Хэрвээ бүртгэлгүй бол төсөлд хамрагдах боломжгүй гэсэн үг.

-Өмнөх төслийн хүрээнд 100 гаруй хүний иргэний үнэмлэхийг канондож, хөнгөлттэй зуух авсан хэрэг гарсан. Ийм төрлийн дамлаж зардаг бизнес гарахгүй байх үндэс байхгүй. Энэ асуудалд ямар хяналт тавих вэ?

-Эрчим хүчний хэмнэлттэй зуух кодтой байгаа. Энэ кодоор хэн зуухыг дамлаж, хэн нэгэнд худалдсаныг шууд мэдэх боломжтой юм. Хэрвээ дамлаж, зүй бусаар ашигласан нь тогтоогдвол хүлээлгэх хариуцлагын талаар яригдаж байгаа. Энэ журмыг тун удахгүй батлах байх. Баянзүрх дүүргийн хэсгийн ахлагч болон хорооны Засаг дарга нар үгсэн хуйвалдаж ийм төрлийн луйвар хийсэн нь илрээд байгаа. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа. 

-Эрчим хүчний хэмнэлттэй зуух тараахаас өөр ямар ажил хийж байгаа вэ. Өмнөх төслийн үр дүн мэдэгдэхүйц харагдахгүй байна?

-Бага насны хүүхдүүд, сурагчдын эрүүл мэндэд анхаарах нь нэн тэргүүнд чухал байна. Иймээс бид олон улсын туршлагыг судалж байна. Неон гэрлээр хорт бодис, тоос тоосонцрыг газрын хөрсөнд буулгадаг төхөөрөмжийг оруулж ирэхээр төлөвлөж байна. Эхлээд туршилтын журмаар хэрэглэж эхэлнэ.

-“Цэвэр агаар” төсөл хэрэгжиж эхлээд хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд агаарын бохирдол буурсан уу? 

-Ер нь буурсан шүү дээ. Агаарын бохирдол нь гарт баригдаж, нүдэнд харгддаггүй тул буурсан гэхээр хүмүүс итгэхгүй байгаа юм. Элдэв шинжилгээ, шалгалтаар агаарын бохирдол 5-30 хувь буурсан нь тогтоогдсон.

-Зам дагуух ТҮЦ, дугуй засварууд хүйтний улиралд дугуй, тоосго зэргийг түлш болгон ашигладаг. Үүнд хяналт тавих, арга хэмжээ авах боломжгүй юу?

-ТҮЦ, дугуй засвар, автомашин угаалга, аль нэг компанийн жижүүрийн байр зэрэг газрууд бакришка, тоосго зэрэг хорт хий ихээр ялгарууулдаг зүйлсийг түлж байгаа юм. Энэ асуудлыг бид шийдвэрлэх аргыг олсон. Дээрх газруудад газ эсвэл цахилгаанаар  ажлын байраа халаахыг шаардсан.

-Энэ жил эрчим хүчний хөнгөлттэй зуух худалдаалах сүүлийн жил. Өнгөрсөн жилүүдэд захын дүүргүүдэд худалдаалахгүй байсан. Энэ жил худалдаалах уу?

-Багануур, Налайх дүүргүүдэд худалдаалж эхэлсэн. Захын дүүргийн иргэд тун идэвхтэй худалдан авч байна. Одоогоор 3000 орчим иргэн зуух худалдан авсан гэх мэдээлэл байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж