Төмс, хүнсний ногооны хураалт хангалтгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Төмс, хүнсний ногооны хураалт хангалтгүй байна гэв

“Өвөлдөө бэлэн үү” сэдвийн дор өнөөдөр “Шинэчильж шийдье” уулзалт боллоо. Шадар сайдын ахалсан энэхүү уулзалтад Үйлдвэр, хөдөө аж ахуй, Түлш, эрчим хүчний сайд, дэд сайд, газрын дарга нар оролцож, мэдээлэл хийлээ.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн мэдээллээр ирэх долоо хоног буюу есдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө цаг агаар муудаж, газар тариалангийн бүс нутагт хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна. Цочир хүйтрэхээс урьтаж ногоочид ургацаа хурааж авахгүй бол хөлдөөнө гэсэн үг юм. Гэвч Үйлдвэр, хөдөө аж, ахуйн дэд сайд Ц.Тувааны хийсэн мэдээллээр ногоо хураалт ахицгүй явна. Тодруулбал, төмс 17 хувь, хүнсний ногооны 22 хувийг тус бүр хурааж авчээ. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 13-ныг хүртэл ногоочид борви бохисхийлгүй зүтгэхгүй бол хавар, зуны турш ажил болж ургуулсан ногоогоо алдаж мэдэх аюултай байна.

Хадлан тэжээлийн хувьд мөн хураалтын ажил үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар бороо ихтэй байсан нь малчид хадлан, тэжээлээ бэлтгэхэд хүндрэл учруулсан. Цаг агаар өнөөдрөөс эхэлж нийт нутгаар нааштай дулаарч тогтсон тул ажил нэлээд эрчимтэй явж буй аж. Буудайн хураалт ч мөн адил гэнэ.

Салбар хариуцсан яамны хувьд ургац хураалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд 2500 гаруй цэрэг, 500 гаруй оюутныг татан оролцуулахаар холбогдох газруудтай яриа хэлцэл хийсэн байна.

Түлш, эрчим хүчний яамныхны мэдээллээр өвөлжилтийн бэлтгэл боломжийн хангагдаж байх шиг. Одоогийн байдлаар, дулааны болоод цахилгаан станцуудын урсгал засварын ажил улсын болоод аймгийн хэмжээнд 70-80 орчим хувьтай явна. Ирэх аравдугаар сарын 15 гэхэд дулаан, цахилгааны засварын ажил бүрэн дуусах юм байна. Жил ирэх тусам эрчим хүч, дулааны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа тул зарим дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн ОХУ-аас импортлох эрчим хүчнийхээ хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөж, өвлийг давахаар бэлтгэл хангажээ. Тухайлбал, хойд хөршөөс авах эрчим хүчний хэрэглээг 350 саяд хүргэх юм байна.

Мөн энэ зун 6500 өрхийн эрчим хүчний чанарыг сайжруулсан бол 585 өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбосон гэнэ. Түүнчлэн 331 сумаас 321 сум төвийн болон бүсийн эрчим хүчинд холбогдсон байдаг. Ирэх жилүүдэд шинээр таван сумыг эрчим хүчинд холбох аж. 

Дулааны цахилгаан станцуудын хувьд 13-19 хоногийн нүүрс татаад байгаа юм байна. Гэхдээ дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнуудын хувьд зарим нэг нь асуудалтай. Багануурын уурхайн хөрс хуулалт 40 хувьтай яваа. Шивээ-Овоогийн уурхайн хөрс хуулалт мөн энэ хэмжээнд яригддаг. Энэ нь хөрөнгө мөнгө ирэхгүйгээс ажил нь бага зэрэг саатсантай холбоотой юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж