
Эдийн засгийн хөгжлийн яам бие даан байгуулагдан ажилласнаар нэг жилийн нүүрийг үзлээ. Ажил нь урагшилж байгаа юм алга. Нэг хэсэг сайд Н.Батбаяр нь “Чингис бонд”-ыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосноор Монголд нүүрлэх байсан хямралыг сөрж чадлаа гэж хэсэг дэвсэн. Үнэний ор байж болох ч өнөөх гал тахин байж олж ирсэн “Чингис бонд”-ын хүү ам.доллар өссөний харгайгаар хүү нь явж өгөв. Дээр нь үр ашиг багатай төсөлд “Чингис бонд”-ыг зарцуулсан нь улам нэрмээс болж байна гэх. Уг нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Монголчууд бид “Чингис бонд”-ыгоо маш үр дүнтэй төсөлд зарцуулахгүй бол ашиг нь гарахгүй” гэж их ярьсан. Тоож хүлээж авч ажил хэрэг болгосон нь тоотой бололтой.
Ингэхэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дэд сайд О.Чулуунбатынхаа зөвлөгөөг хэр сонсдог бол… Болж байгаа үйл явцыг харахаар үгийг нь тоодоггүй дамшиг шиг харагдах юм. Ер нь Шархүүгийн зүгээс нэг санал гаргахад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг тушаал бууруулаад, дэд сайд болгоод О.Чулуунбатыг зэрэг нэмүүлээд Эдийн засгийн хөгжлийн сайд болгочихмоор санагдаад болдоггүй. Төв банкны ерөнхийлөгч байсан энэ эрхмийн толгойг Монгол Улс одоо л ашигламаар байгаа юм даа, яая даа байз.
Г.ШАРХҮҮ