Ам.долларын ханш асуудал болжээ. Доллар дагаж өссөн юанийн ханшийн савлагаа ч буурахгүй байна. Өнөө өглөө 1700 төгрөгөөр авч, 1706 төгрөгөөр худалдаж эхэлсэн ам.долларын ханш өдрийн 14 цагт 1710-1720 болон нэмэгдсэн байлаа. Найман шарга орчимд болон хуучны “Ард” кино театрын эргэн тойронд байрлах ченжүүд өнөөдөр л гэхэд нэгэн зэрэг ханшаа өөрчилж, нэмж орхисон юм. “Ард”-ын дэргэдэх “East eagle” ББСБ-аар орж ханш асуугаад бухимдан гарсан нэгэн бүсгүй хэлэхдээ “Би 2001 оноос хойш анх удаа нутагтаа ирж байна. Гадаадад амьдарч байгаад ирсэн хүмүүст гайхах, бухимдах зүйл олон байгаагийн нэг нь ам.долларын ханш юм. Намайг наадмын үеэр ирэхэд нэг ам.доллар 1510 төгрөг байсан. Наадмын дараа 1565-1585 төгрөг болтлоо өссөн. Өглөө 10 цагийн үед асуухад 1706 төгрөг гэж байсан мөртлөө Зайсангаас түгжирч явсаар ирэхэд 1720 төгрөг гэж байх юм. Ингэж болохгүй биз дээ” хэмээлээ. Тэрбээр тун удахгүй буцаад гадаад руу гарах гэж байгаа ажээ.
ББСБ-уудад 1720 төгрөгийн ханштай ам.долларыг Хаан банк 1688 төгрөгөөр авч, 1724 төгрөгөөр зарж буй бол Голомт банк 1705 төгрөгөөр авч, 1725 төгрөгөөр зарж байна. Хятадын юанийн ханш өмнөхөөөс бага зэрэг буурч 265-268 төгрөгийн ханштай байлаа.
Д.ЦЭЭНЭ