Обама Ассадад боломж үлдээгүйг сануулав

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Обама Ассадад боломж үлдээгүйг сануулав

Обама үндэстэн даяар цацсан ярилцлагадаа Ассадыг буруутгав. Тэр дундаа Сирийн ард түмнийг химийн зэвсгээр хордуулж байгаа гэдгийг албан ёсоор батлав. Нэг ёсондоо тэрээр баттай араандаа хийхийн тулд ард иргэдийнхээ тархийг боловсноор угаасан нь энэ. Тэр Ассадыг буруутгаад зогсохгүй, энхийн аргаар, тайван замаар зохицуулах гэж хичээсэн ч Сиричүүд дайн эхлүүлэхээс өөр сонголт үлдээсэнгүй гэдгийг онцлов. Обама нэг зүйлийг энэ ярилцлагаараа баталчихлаа. Тэр нь дайн нэгэнт эхэлсэн.

Обама Ассадад захидал хүргүүлсэн

Орон нутгийн телевизүүдээр нэгэн зэрэг цацагдсан энэхүү ярилцлагын үеэр тэр Ассад руу захидал явуулсан гэж мэдэгдэв. Тэрээр уг захидалдаа химийн зэвсэг бүү хэрэглэ, бидэнтэй хэлэлцээ хий гэсэн утга агуулсан байна. “Би Ассад руу АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар захидал илгээсэн. Түүнд химийн зэвсэг хэрэглэж байгаа чинь маш том алдаа. Хэрвээ энэ харгислалаа зогсоохгүй бол цэрэглэн хөдлөхөө мэдэгдсэн” гэж Барак Обама ярьжээ. Захидал хүргүүлсний дараа чухам юу болох нь одоогоор тодорхойгүй байна. Ний нуугүй хэлэхэд Ассад тэр захидлыг авсан эсэх, задалж үзсэн эсэх нь ч тодорхой болоогүй. Ассадын хэлж байгаагаар Обама хэрвээ үнэхээр химийн зэвсэг илрүүлсэн бол баримттайгаар гаргаж ирэх ёстой гэж байгаа ч Обама энэхүү баримтыг олон нийтэд ил болгох цаг нь хараахан болоогүй гэж хэлж байгаа билээ.

Ассадын хамгийн том алдаа нь химийн зэвсэг

Сүүлийн гурван долоо хоногийн туршид химийн зэвсэг гэх яриа Сири рүү хаяглан нисэлдэх болсон. Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтэд дайны хөлд нэрвэгдэх айдас дагуулснаар зүгээр ч нэг асуудал биш болох нь ерөнхийдөө тодорхой болсон билээ. Энэ хугацаанд Ассад хэрэглээгүй гэж зүтгэж, Обама хэрэглэсэн гэж мэтгэсээр дэлхий нийтийг талцуулж орхисон. Нэг ёсондоо дэлхий нийтийн тал нь Обамаг дайн эхлүүлдэг хэрцгий хүн мэтээр харж байсан бол нөгөө тал нь түүнийг энхтайванч баатрын дүрээр харж байгаа. Энэ бол гашуун үнэн. Харин үндэстэн даяар зэрэг цацсан ярилцлагынхаа үеэр тэрбээр Ассад химийн зэвсэг хэрэглэсэн нь маш том алдаа гэж онцолсон юм. “Ассадын хувьд химийн зэвсэг хэрэглэсэн нь л алдаа. Бүр маш том алдаа. Тэр үүнийг дэлхий нийтэд мэдэгдэхгүйгээр цэвэрхэн хийж байгаа гэж байсан. Гэтэл манай тагнуулын байгууллагын сайн ажиллагааны дүнд тэднийг ийм харгислал үйлдэж байгаа нь тодорхой болсон. Бүх зүйл тодорхой болчихоод байхад яагаад Ассад мэлзээд байгаа юм бэ. Энэ сонирхол татаж байгаа биз” гэж Барак Обама ярьжээ. Химийн зэвсэг хэрэглэж байгаа гэж АНУ анх мэдэгдсэнээс хойш дэлхий нийтийг Сирийн эсрэг чиглүүлэх гэж хичээж эхэлсэн. Их Британийн хувьд парламентын хурлаас буцаах шийдвэр гаргасан. Харин Герман болоод Швед зэрэг улсууд Сирийн цэргийн ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн. Харин Польш, Албани, Дани зэрэг улсууд цэргийн ажиллагаанд АНУ-ыг дэмжихээ илэрхийлсэн. Нэгэн цагт эвлэршгүй дайсан мэт байсан Япон улс хүртэл Сирийн эсрэг нэгдэнэ гэдгээ мэдэгдсэн. Европоос Франц л дангаараа АНУ-ын талд гэдгээ мэдэгдсэнээс хойш Европын холбоо хоёр хуваагдаад байгаа билээ. Нэг нь дайныг дэмжих, нөгөө нь дайныг эсэргүүцэх. Аль нь ч байсан Европын холбооны хувьд хэцүү.

Энэхүү ярилцлагын хамгийн том зорилго нь цэргийн ажиллагаа хэзээ эхлэх вэ гэдэг байсан. Харин Обама тодорхой хариу өгсөнгүй. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар одоо ч цэргүүд орчихсон байхыг үгүйсгэхгүй. Ассадын өгсөн мэдээллээс харвал АНУ-ын цэргийн ажиллагааг “Аль Кайда”-чууд дэмжиж байгаа бөгөөд цэргийн баазууд аль хэдийнэ байрлачихсан гэдгийг батлаад байгаа. Харин АНУ яг цэргээ оруулсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан цэргийн ажиллагаа дараа долоо хоногт эхэлнэ гэсэн мэдээлэл байгаа ч Их Британийн шийдвэр эцэслэгдээгүй байгаа учраас тэднийг хүлээж цаг хугацаа алдах магадлалтай юм.

***

Ассадад боломж үлдсэн үү. Одоо энэ асуултад ганц л хариулт үлдсэн. Ассадад ямар ч боломж үлдээгүй. Учир нь галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Чухам хэзээ Сирид газардахыг хэлж мэдэхгүй юм. Энэ бол цаг хугацааны л асуудал. Гэхдээ бид нэг л зүйлийг санах ёстой. 2009 онд түүнд Энхтайвны шагнал өгсний гол шалтгаан нь дахин цэрэг дайны ажиллагааг эхлүүлэхгүй байх нэг ёсны дөнгө байсан ч Нобелийн шагналын нэр хүнд Обамагийн амбицийг давж чадсангүй. Ямар ч байсан тэр их гүрний нүдээр Сирийг харсан. Гүйцээ. Дайн эхэлсэн.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж