
-"Лам нарын сэтгүүл"-ийг танай сан, МУИС-тай хамтран гаргажээ. Уг сэтгүүлийнхээ тухай товч тайлбарлана уу?
-Эл сэтгүүл далаад жилийн тэртээ гарч байсан, шашин суртхууны хэвлэл бөгөөд энэ жилээс МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн хэвлэлийн статустайгаар, шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн хэлбэртэйгээр, 200 хуудастай, орчин цагийн сэтгүүлийн стандартад нийцсэн байдлаар, тогтмол гаргаж эхэлж буйн анхны дугаар нь энэ юм. Бурханы шашин бол монголчуудын ахуй амьдрал, өв соёл, сэтгэлгээнд гүнзгий нэвтэрч нутагшсан агаад монголын мэргэд буддын шашныг судлаад зогсохгүй буддизмын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бахдам түүхтэй ард түмэн юм аа бид. Энэ түүхийг хойч үедээ үлдээх, монголын гэх онцлогтой бурханы шашныг судлах, түгээн дэлгэрүүлэх, буддизм хийгээд түүний гүн утга агуулга, философид шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар хандах хандлагыг төлөвшүүлэхийн тулд уг сэтгүүлийг гаргасан юм. Монголын Бурханы шашны гуравдах дэлгэрэлтийн түүхэн үеийг бүтээлцэх хувьтай төрсөн энэ цагийн олонд, уламжлалт соёл, үүх түүх, эрдэм ухааны охиос дээжлэн барих зорилго бүхүй “Лам нарын сэтгүүл”-ийг эрдэмтэн мэргэдтэйгээ хүч хавсран өргөн барьж байгаагийн учир нь, цагийн тоос, орчлонгийн эргэлтэд монгол түмний оюун ухаан, сэцэн билэг улам тодорч, үр хойч минь бахдам түүх, баялаг замналаараа сэтгэл тэнүүн, ухаан цэлмүүн оршоосой гэснийх юм аа. Манай сангийн ч дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Та Монголын Бурханы шашныг хөгжүүлэх сангийнхаа тухай ярина уу?
-Өдрөөс өдөрт даяаршиж байгаа хүн төрөлхтөн “хавтгай” ертөнцөд аж төрөх болж буй энэ цаг үед алив үндэстний оршин тогтнож, бусдаас өвөрмөц өнгө төрхөөрөө ялгарч, онцлог шинжээ хадгалан үлдэхийн чухал үндэс нь эх соёл, өв уламжлал, зан заншлаа тодотгон товойлгож, үр хойчдоо өвлүүлэн үлдээх явдал гэж боддог.
Монголчууд хүн төрөлхтний түүхэнд баларшгүй ул мөр үлдээсний нэг нь, Бурханы шашныг эх нутагтаа урин залж, өөриймшүүлж чадсанаар барахгүй, монгол мэргэдийн хурц ухаан, сэцэн билиг өвөрмөц онцлог бүхүй Монголын Буддизмыг буй болгосон нь хүн төрөлхтний оюун сэтгэлгээний ширгэшгүй их далайд түрлэг нэмсэн түүх юм.
Бурханы шашин монгол нутагт олон зууныг элээн оршин тогтнохдоо, хүн зоных нь аж амьдрал, ахуй хэвшилд нэвт шингэж, үндэсний өв-соёл болоод зогсохгүй монголчуудыг үндэстнийх нь хувьд аливаад ул суурьтай, гүн ухаанлаг хандлагатай болгосон байдаг.
Нүүдлийн хийгээд суурин соёл иргэншлийн цогц байдлаар хөгжиж, өвөрмөц төрхөө олж ирсэн Монголын Бурханы шашин гурвантаа дэлгэрэхдээ, мандан бадрах, таягдуулан мартагдахын аль алинг амсаж ирсэн түүхтэй.
Хөгжлийн ийм замыг туулж ирсэн Монголын Бурханы шашныг судлаж, сурвалжилж, дэлгэрүүлэх зорилгоор бидний хэсэг нөхөд уг санг байгуулсан юм.
-Таны ярианд Монголын Буддизм гэдэг санаа тод ажиглагдаж байна. Үүнийг ийнхүү дахин тодотгохын учир нь чухам юу вэ?

-Өнөөдөр дэлхий нийтээрээ "Төвдийн буддизм" гэж хамаатуулан ярьж, бичиж, тэгж ойлгож байна. Харин бидний тухайд бол, "Монгол дахь Буддизм" гэсэн томъёоллоор ханддаг. Бурханы шашин түгэн дэлгэрсэн "Номт гурван улс"-ын тоонд яах аргагүй Төвд, Монгол хоёр багтдаг. Бурханы шашин монгол оронд гурван удаа дэлгэрсэн гэж үечлэн түүхийг нь авч үздэг бөгөөд анхан удаагийн дэлгэрэлт нь Хүннүгийн үед хамаардаг бол, сүүлийн дэлгэрэлт нь эдүгээ бидний амьдарч буй цаг үетэй таардаг. Энэ урт цаг хугацаанд монголчууд Бурханы шашныг идээшүүлэн авч, судлаж мэдээд зогсохгүй монголын эрдэмт мэргэд Бурханы шашны гүн ухааны суурь үзэл баримтлалд өөрсдийн үзэл санааг тусгасан, суурь бүтээлүүдийг туурвиж байсан түүхтэй юм. Нэгэнт ийм төвшинд Бурханы шашныг өөриймшүүлэн авч, түүний хөгжилд бодот хувь нэмэр оруулж чадсан ард түмэн "Монголын Буддизм" гэж мөнхүү нэрлэх түүхэн эрхтэй байж таарна. Монголоороо овоглосон Бурханы шашны төлөө манай сан үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг юм.
-Цаашид "Лам нарын сэтгүүл" ямар хугацаанд гарах вэ? Сонирхсон хүмүүс хаанаас авч, та бүхэнтэй хэрхэн харилцаж болох бол?
-Сэтгүүл хоёр сар тутамд тогтмол гарна. Номын дэлгүүрүүд, Гандантэгчэнлин хийдийн "Найман тахил" дэлгүүрээс авч болно. Бидэнтэй 99113159, 96653159, 70113159 дугаарын утсаар холбогдох боломжтой.
-Сонирхолтой мэдээлэл өгсөн Танд баярлалаа.