Монголын залуучуудад дээд боловсрол түгээдэг гэх Солонгосын хөрөнгө оруулалттай "Улаанбаатар" дээд сургуулийнхан энэ хичээлийн жилийн нээлтээ "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хойно байх "Гэгээрэл" нэртэй христиин сүмд хийжээ.
Үүнд эгдүүцсэн шинэхэн элсэгчид болоод тэдний ар гэрийнхэн нь буруу сонголт хийснээ Сургалтын албаны нөхдөд нь хэлж, бичиг баримт болон төлбөрөө буцааж авахаар хандтал 200 мянган төгрөг суутгаад үлдсэнийг нь өгчээ. "Улаанбаатар" дээд сургуулийн нэг ч анги танхимд орж үзээгүй, талаас илүү хувь нь эрдмийн зэрэгтэй гэх багш нараар нь ганц ч цагийн хичээл заалгаагүй атлаа аав, ээжийнх сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг юу ч болоогүй юм шиг суутгаж авч байгааг нь гайхан асуутал "Та гэрээ байгуулсан биз дээ" хэмээн томорсон байна.
Ж.БОЛДБААТАР: ТАНХИМД НЭГ Ч УДАА СУУГААГҮЙ ХҮҮХДЭЭС МӨНГӨ АВСАН НЬ ҮНЭН БАЙНА
Энэ гомдлын мөрөөр бид өнгөрсөн пүрэв гаригт тус сургуулийг зорилоо. Нэг сургуульд орлоо, гарлаа гэж бүртгүүлсний төлөө нэг хүүхдийн мөнгөнөөс хэдэн зуун мянган төгрөг суутгаж аваад байгааг тодруулах, энэ асуудалд удирдлагуудын зүгээс ямар тайлбар хийхийг сонирхож очсон юм. Гэвч бидэнд солонгос захиралтай нь уулзах "завшаан" тохиосонгүй. Тус сургуулийн ерөнхий буюу солонгос захирал Чой Ги Хогийн туслах гэх 30 гаруй насны монгол бүсгүй биднийг зорьж ирсэн учир явдлаа хэлэхтэй зэрэгцээд "Ерөнхий захиралтай уулзах боломжгүй. Та нар дэд захиралтай уулз" гэснээр зорьж ирсэн хүнтэйгээ уулзах боломжийг минь тасхийтэл хааж орхих нь тэр. Түүнд заавал ч үгүй ерөнхий захиралтай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилсан ч "Дэд захирал асуудлыг мэднэ" хэмээн дагуулж явсаар тус сургуулийн гуравдугаар давхарт, шатны хажууханд байрлах "дэд захирал" гэсэн хаягтай өрөөнд дагуулж оров. Гэтэл дэд захирал нь манай улсын урдаа барьдаг түүхч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар байх нь тэр. Бид түүнд ямар хэргээр ирсэн учраа хэллээ. Тэрбээр ихэд бухимдангүй байгаа бололтой бидний яриаг сонссоны дараа "Жилийн жилд ийм асуудал гардаг юм. Өнгөрсөн жил бас Боловсролын яамнаас баахан хүн ирж шалгалт энэ тэр болоод явсан. Тэр ч бүү хэл манайхыг солонгос эзэнтэй болохоор христийн сургууль гэж хүртэл ярьцгаадаг юм билээ. Гэтэл тийм зүйл байхгүй. Манай сургуулийг сайт, сониноор элдвээр бичдэг" хэмээж баахан зүйл ярив.
Тэгснээ "Ер нь ганц ч хичээлд суугаагүй хүүхдээс яахаараа мөнгө авдаг юм. Би санхүүгийн хүмүүст болохгүй гэж зөндөө хэлсэн" гэсээр дотуур утсаараа ерөнхий нягтлан бодогч Чулуунцэцэгтэй холбогдож нэлээд зүйл асууж тодруулсан. Тэрбээр "Энд сэтгүүлчид ирээд байна. Та нарыг дөнгөж элссэн хүүхдээс мөнгө авч болохгүй гэж хэлсэн биз дээ. Тийм тохиолдол бий юм уу? Би та нарт болохгүй гэсэн биз дээ. Ингээд л бөөн хэл ам болоод байдаг юм" хэмээн удтал ярьсны дараа бидэнд хандаж "Манай санхүү шинэ элссэн хүүхдүүдээс мөнгө авсан юм байна. Гэхдээ та нарын яриад байгаа шиг тийм олон хүүхдээс биш гэж байна" хэмээв. Энэ тайлбарыг хэлснийхээ дараа тэрбээр Сургалтын албаныхантайгаа холбогдож "Яг одоогийн байдлаар хэдэн хүүхэд ийм шалтгаанаар гарсан тоог нарийн тодорхой хэл" гэснээр биднийг Сургалтын албаныхантайгаа уулзахыг зөвлөв.
Бид түүний хэлснээр хоёрдугаар давхарт байх Сургалтын алба гэсэн хаягтай шилэн хаалгатай өрөөнд очив. Хичээлийн жил эхэлж буй тул ангиа шилжүүлэх, хуваариа зохиох, сургалтын төлбөрөө төлөх гэсэн оюутнууд урт дараалал үүсгэсэн байв. Бид Сургалтын албаны даргыг орлож буй гэх эмэгтэйтэй уулзав. Тэрбээр бидний өмнө оюутнуудтай хийдэг гэрээ гэж нэг хуудас цаас үзүүлэнгээ энд оюутан сургуулиас гарах бол 200 мянган төгрөг суутгана гэсэн заалт байгаа хэмээн тайлбарлав. Түүнээс гэрээг хэн боловсруулсан, яг ямар үндэслэлээр хохирол гэж 200 мянга төгрөг тооцож аваад байгаа мөн энэ гэрээнд сургуульд чинь дөнгөж бүртгүүлээд гарч байгаа хүүхдээс авна гэж заагаагүй байна, яагаад гэсэн асуултыг тавибал "Манай Сургалтын албаны дарга одоогоор байхгүй байгаа. Тэр хүн боловсруулсан. Уг нь бид дөнгөж бүртгүүлээд гарч байгаа оюутнуудыг төлбөрөө аваад гарах бол шууд өгдөг. Та нарт гомдол гаргасан оюутнууд яасан юм бол" хэмээн учирлаж байна. Бас хөгийн гэмээр нэгэн тайлбарыг хэлсэн нь, сургуульд бүртгүүлчихээд гарч буй оюутнуудаас 200 мянган төгрөг авч буй нь алдагдлаа тооцсоных гэнэ. Тодруулбал, тус сургуульд нэг хүүхэд элслээ гэхэд дөрвөн жилд багаар бодоход дөрвөн сая төгрөг орох ёстой байсан. Гэтэл элсэлт дуусчихаад байхад замын дундаас гарна гэж байгаа нь тухайн сургуулийг алдагдалд оруулж буй хэрэг бөгөөд тэрхүү алдагдлаа нөхөхийн тулд 200 мянган төгрөг авч байгаа юм гэсэн ойлгомжгүй тайлбарыг хэлсэн юм. Энэ тооцоог манай дарга хийж, сургуулийн удирдах зөвлөл баталсан гэв. Мөн тэрбээр "Хэрэв ийм гомдолтой хүүхэд байгаа бол учир шалтгаанаа хэлээд бидэн дээр ирж болно. Бид шалгаж нягтлаад хохирлыг барагдуулах талаас нь ярина" гэв.
Түүхч Ж.Болдбаатар гуайн өгүүлснээр энэ сургуулийн эзэн нь, хөрөнгө оруулагч нь 82 настай солонгос эр байдаг гэнэ. Тэр хүн монголчуудад хайртай учраас энэ сургуулийг байгуулж монгол залууст хөрөнгө оруулж байгаа аж. Иймээс бид түүнээс магтаад буй сургууль нь ямар шалтгаанаар христийн сүмд нээлтээ хийсэн талаар тодруулав. Гэтэл Улаанбаатарт тус сургуулийн оюутнуудыг багтаах газар тус сүмээс өөр олдоогүй, зай талбай ихтэй учраас сонгосон болов уу гэсэн тайлбарыг өгч байгаа юм.
Мөн тус сүмийн эзэд нь танай сургуулийн эзэд юм биш үү? гэсэн асуултад "Би тэрийг сайн мэдэхгүй. Ер нь ажил хийж байгаа хүмүүсийг ингэж шүүмжилдэг юм биш үү. Манай сургууль өргөжөөд замын зүун талд сургууль барьсан. Гэтэл МХЕГ-ынхан хүлээж авахгүй байгаа" хэмээн ихэд бухимдангуй өгүүлсэн. Түүнчлэн тус сургуулийн дэд захирлын өгүүлснээр 3700 гаруй оюутантай тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт буюу танилцах үдэшлэгийг хийчих заал Улаанбаатарт олдохгүй байсан учраас христийн сүмд дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан юм байна.
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг энэ их хот, хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж байхад тус сургуулийн оюутнуудыг багтаах газар олдоогүй гэнэ. Солонгосын хөрөнгө оруулалттай гэх "Улаанбаатар" дээд сургуулийг тойрсон ийм нэг асуудлын араас бид хөөцөлдөж, холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авч байх зуур солонгос захирал нь харин ямар нэг тайлбар хийгээгүй. Тэрбээр энэ хугацаанд өрөөндөө байсан бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь түүний нохойд барьдаг мод нь Монголын нэртэй эрдэмтэн, түүхч болчихоод буй нь харамсалтай санагдаж байсан. Бид энэ тухайгаа Ж.Болдбаатар гуайд хэлэхэд тэрбээр солонгос захирлаа, бас сургуулиа магтаж л суусан юм.
Үргэлжлэл бий…
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН