
БОНХЯамнаас энэ хугацаанд “Иргэдийн оролцоотой ногоон хөгжил” гэсэн уриаг баримтлан ажилласан байна.
БОНХЯ-наас санаачлан өнгөрсөн хугацаанд мод, модон материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлжээ. Ингэхдээ гадаадаас импортлон оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, банз, дүнз, гуалинг чөлөөлсөн байна. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тэдний цар хүрээг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой гэж тус яамныхан дүгнэж байгаа юм. Мөн иргэд, аж ахуйн нэгж ойн зурвас, ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болговол ажил үйлчилгээг нь НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гарчээ. Ийнхүү мод, модон материалыг татвараас чөлөөлсөн нь нийслэлд сүүлийн үеийн загвар бүхий сууц олноор баригдах, үйлдвэрлэгчдийн цар хүрээ нэмэгдэж, ажилчдын орлого өсөх, гаднаас авах модын хэмжээ нэмэгдсэнээр Монголын ойн сан хамгаалагдаж, хулгайгаар мод бэлтгэх хууль бус үйлдэл багасах сайн талтай юм.
БОНХЯ-аас энэ хугацаанд шинээр нэгэн ажил хийсэн нь иргэдийн тарьсан модыг төр худалдан авах, өмчлөх шинэ харилцааг бий болгосон явдал юм. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Увс аймгийн иргэн Х.Тэсхүү өөрийн тарьсан 4 га газрын таримал ойг төр 1,197,000 мянган төгрөгөөр, мөн аймгийн хорин иргэний 39,5 га газарт тариалсан ойг 12,473,125 төгрөгөөр тус тус худалдан авчээ. Энэ хэрээр Монгол орны ойн сан нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарсан байна. Мөн таримал ойг өмчлүүлэх буюу ой мод үл хөдлөх хөрөнгөд бүртгэгдэн үнэлгээжиж эхэлжээ. Харин иргэд өөрсдийн тарьж ургуулсан ой, модоо 3-5 жил арчилж тордон ашиглаад төрд хүлээлгэн өгч, төр түүнийг нь үнэлж харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан авдаг аж. Мөн Монгол орны ойн санг хамгаалах ажилд зарцуулагдах хөрөнгө төсвийн нуруунд байсныг ийнхүү иргэдийн оролцоотойгоор чөлөөлжээ.
БОНХЯ-наас энэ онд зургаан аймгийн нөхөрлөл, хоршоо, ТББ гээд 10 байгууллагад ан амьтныг хамгаалах, зохистой ашиглах давуу эрх олгосон байна. Эдгээр эрх бүхий байгууллагууд агнуурын бүс нутгийн ан амьтны нөөц, менежментийн төлөвлөгөө батлуулсанаар энэ жил 15 угалз, 32 тэхийг тусгай зөвшөөрлөөр агнахаар болсон байна. ингэснээр өмнөх жилүүдэд агнадаг байсан амьтдын тоо 5-10 дахин багасчээ. Мөн амьтан агнасан төлбөрийг зуун хувь тухайн сумын төсөвт төвлөрүүлж, төлбөрийн 85-аас доошгүй хувийг тухайн амьтныг эргэн хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулах журам баталсан байна.
Мөн тус яамнаас санаачлан энэ жилээс мазаалай баавгайг төр хамгаалалдаа авсан. Их говийн дархан цаазат газраар нутагладаг 22 мазаалай энэ жил дөрвөөр нэмэгдсэн. Тиймээс тухайн орчинд нь задгай усыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр булаг шандыг сэргээн тохижуулж, хагас автомат ажиллагаатай хоёр гүний худаг гарган 13 тэжээлийн цэг байгуулж арван тонн тэжээлийг 28 цэгээр тараан өгчээ. Харин мазаалай баавгай нь хүрэн баавгайтай нэг гарал үүсэлтэй юу эсвэл өөр дэд зүйл үү гэдгийг нэг мөр судлан тогтоохоор энэ сард судлаач Т.Одбаярыг АНУ-ын Айдохогийн их сургуулийн лабораторид ажиллуулахаар болсон байна.
БОНХ-ийн сайд өнгөрсөн оны наймдугаар сарын 22-нд тушаал гарган Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг 2014 оны долдугаар сарын 01 хүртэл хориглосон байна. 2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд зориулалт өөрчлөн айлын орон сууц болон хувирсан юм. Дээрх тушаал гарсанаар энэ мэт газрын хууль бус бизнесийг таслан зогсооход сайн үр дагавар үзүүлжээ.
Манай улс идлэг шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг хориглосон билээ. Харин энэ жил манай улсын Засгийн газар Кувейт, Катар гэсэн улсуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 20 идлэг шонхор гаргахаар болжээ. Хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөх, ашгийн бус гэж үзсэн учраас ийнхүү шонхор шувууг цөөн тоогоор гаргахаар тохиролцжээ. Одоогийн байдлаар Кувейт улсын шонхрын анчид анд гарсан ч Катар улсын анчид хараахан эрхээ бүрэн аваагүй байгаа ажээ. Тэд ирэх сарын 25-ны өдөр хүртэл Монголд шонхрын ан хийх юм. Харин энэ удаад цөөн тоогоор гаргаж байгаа учраас Төв, Хэнтий аймгуудын тодорхой сумдын нутгаас барихыг зааж өгчээ. Тэдний үйлдэлд орон нутгийн захиргаа хяналт тавин ажиллах юм.
Харамсалтай нь, шонхор барих журам нь өнгөрсөн жилүүдийнхээр хэвээр байгаа нь 20 шонхор гаргахын тулд 200-г барьж, тэднээсээ сайн гэснийг нь шилдэг байдал давтагдаж байгаа аж.
БОНХЯ-аас баримталж байгаа нэг бодлого нь амьд ойг аль болох сүйтгэхгүй байх, мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих юм. Энэ бодлогын хүрээнд төмөр замын дэр мод хэрэглэхийг хориглосон байна. Ингэснээр нэг жилд 25 мянган шоо метр модыг дэр хийхээр огтолдог байдал зогссон байна. Мөн 2014 оноос эрчим хүчний шонгийн тулгуурт мод хэрэглэхийг болиулснаар жилд 15 мянган шоо метр ногоон модыг хамгаална гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа. Харин тус яамнаас байгальд ээлтэй цэвэр технологийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. Эрчим хүчний хэмнэлттэй чийдэн, бохир ус цэвэрлэх төхөөрөмж, нар, салхины цахилгаан үүсгүүр, ой, цэцэрлэгийн хөрс бэлтгэх төхөөрөмж зэрэг нийт 41 төрлийн байгальд халгүй техник, тоног төхөөрөмж энэхүү чөлөөлтөд хамрагдах юм. Энэхүү шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.
Манай улсын эрчим хүчний 95 орчим хувийг нүүрс шатааж гаргадаг нь байгальд халтай аж. Тиймээс энэ үзүүлэлтийг ирэх оны сүүл гэхэд 20 хувиар бууруулах зорилт тавьжээ. Харин дээрх тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь манай зах зээлд борлогдож эхэлсэн байна.