Сургалт семинарыг нээж Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч хатагтай Коралие Геверс нар үг хэллээ. Эрчим хүчний яам болон Дэлхийн банк, Олон улсын Хөгжлийн Ассоциацтай 23.4 сая зээлжих тусгай эрх бүхий хөгжлийн зээлийн гэрээг байгуулан Улсын Их Хурлаар соёрхон баталсанаар уг төслийн үйл ажиллагаа 2001 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн зорилго нь төсөлд хамрагдсан байгууллагуудын түгээх сүлжээнд техникийн шинэчлэл хийснээр алдагдалыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах, зах зээлд суурилсан санхүүгийн чадавхитай орчин үеийн түгээх компани бий болгоход чиглэгдсэн юм.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 7 дүүрэг, зүүн хэсгийн гэр хороолол, Төв, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх болон эрчим хүчний үйлдвэрүүдын менежментийг сайжруулах шинэчлэлийн ажлууд хийгдээд байна.
Уг шинэчлэл хийгдсэнээр 2004 оноос 2013 оны 8 дугаар сарын байдлаар цахилгаан эрчим хүчний алдагдал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/-ХК-д 30 хувиас 18 хувь болтол, төсөл хэрэгжсэн аймгуудын түгээх сүлжээнд 46 хувиас 7.5 хувь болтол буурч эрчим хүчний системд хэмнэлтийн үр ашгаа өгөөд байна.
Түүнчлэн УБЦТС ХК-ыг арилжааны хэлбэрт шилжүүлж, аймгуудын эрчим хүчний үйлдвэрүүдийн менежментийг сайжруулж, компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар үйл ажиллагаа нь сайжирч байна. Ингэснээр цахилгаан эрчим хүчний техникийн бус алдагдал буурч, эрчим хүчний системийн үр ашиг дээшлэх нөхцөл бүрджээ. Төслийн үлдэж байгаа 2013 оны есдүгээр сарын 31 хүртэлх хугацаанд техникийн шинэчлэлээр Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахад 35/10 кВ-ын 4-25 МВА хүчин чадалтай 5 дэд станц, 6-10 кВ-ын 7 ширхэг хуваарилах байгууламж, 21 км цахилгаан дамжуулах кабель шугамыг барьж ашиглалтад өгнө. Түүнчлэн төсөл хэрэгжиж байгаа УБЦТС ХК, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ХК-иудын ажиллагсадын чадавхийг сайжруулах, эрчим хүчний системийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийн чиглэлээр гадаад болон дотоод сургалтыг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд салбарын мэргэжилтнүүдийн дунд Дамжуулах болон Түгээх сүлжээг холбосон мэдээлэл технологийн цогц систем үүсгэх тухай “Эрчим хүчний Ухаалаг сүлжээ” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулж байгаа юм.