У.Уранчимэг: Театраас хөөгдөхөөр асуудал гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

У.Уранчимэг: Театраас хөөгдөхөөр асуудал гаргаагүй

“Хувьсал продакшн”-ы захирал, Гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй уулзаж, тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны талаар ярилцлаа.

-Яагаад киногоо “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэж нэрлэх болсон бэ?

-Киноны нэрний хувьд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байсан. Хүлэмжинд зэрлэг цэцэг ургадаг юм уу гэх мэтчилэн олон шүүмжлэл ирж байсан. Нэрнээсээ урвах дөхсөн үе ч бий. Гэхдээ бид гурав ярилцаж байгаад нэрээ сонгосон. Үзэгчдэдээ хэлэхэд, киног маань үзсэний дараа л энэ нэр үнэхээр зохисон гэдгийг мэдэх болов уу. Энэ кино хүний сэтгэлийн гоо сайхныг харуулсан кино. Мөн маш сонин содон араншинтай хүмүүсийн дүр байгаа учраас үйл явдал сонирхолтой өрнөх болно. Есдүгээр сарын 12-ноос эхлээд хүмүүс киног маань ирж үзээд маш их сэтгэлийн таашаал аваасай гэж догдолж байна.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд та ямар дүр бүтээсэн бэ?

-Цогзолмаа гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн. Киноны үйл явдал өрнөж буй цаг хугацаа бол 1981 он. Дүрийн хувьд их сонирхолтой, урьд өмнө нь миний тоглож байгаагүй дүр. Цогзолмаа гэх энэ эмэгтэй архинд донтсон ч их сайхан сэтгэлтэй эмэгтэйн дүр л дээ. 

-“G.U.G” буюу киноны гол дүрийн гурван бүсгүйн нэрийг илэрхийлсэн шинэ продакшн байгуулсан гэх шуугиан гарсан. Энэ үнэн үү?

-Албан ёсоор хэлэхэд, “G.U.G” гэдэг бол хүмүүсийн зохиосон зүйл л дээ. Хүмүүс ургуулан бодох чадвар сайтай болоод ч тэр үү, тийм яриа гарсан байна лээ. Үнэндээ бид гурав “Хувьсал” продакшнд нэгдсэн. Харьяалал маань  “Хувьсал” продакшн болсон гэж хэлж болно. Гэхдээ хоёр Ганаа, нэг Урнаа байгаа нь үнэн л дээ.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалтын үеэр жүжигчин Ганчимэг театраас хөөгдсөн. Яг юунаас болоод тийм явдал болчихов оо?

-Үгүй шүү. Наад яриаг чинь үгүйсгэнэ.

-Яагаад?

-Хөөгдсөн гэх үг зохихгүй. Драмын театр маань жүжигчидтэйгээ жил жилээр гэрээ хийж,  сунгаж ажилладаг. Харин энэ жилийн хувьд гэрээгээ сунгаж ажиллаагүй. Харин хөөгдөнө гэдэг бол жүжгийн сургуулалт таслах, ажилдаа алдаа гаргасан тохиолдолд авах арга хэмжээ. Ганчимэг бид хоёрын хувьд хөөгдөхөөр юм болоогүй. Энэ жил “Хувьсал” продакшнтай хамтарч ажиллаж байна. Уран бүтээлчийн хувьд өөрийнхөө сонголтыг хийсэн.

-Яагаад “Хувьсал” продакшныг сонгосон юм бэ?

-Өөрсдийн сонголтыг хийх нь тухайн хүний эрх шүү дээ.

-Тийм л дээ. Гэхдээ чухам яагаад гэдгийг уншигчид маань сонирхож байгаа болов уу?

-Нэгдүгээрт, өөрсдөө бие дааж уран бүтээл хиймээр байна. Хоёрдугаарт, манай төсвийн байгууллагын цалин хэд билээ. Хүн чинь амьдрах хэрэгтэй. Талх идэх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх шаардлагатай. Тэр болгоныг зохицуулахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө цаг наргүй зүтгэх ёстой. Ингэхийн тулд цаг, зав гаргах болно. Тэр утгаараа өнөөдөр байгаа амьдралаасаа илүү сайхан амьдрахын тулд энэ шийдвэрийг хийсэн гэж болно. Энэ бол зөвхөн нэг тал нь.

-Нөгөө тал нь юу байв?

-Нөгөөтэйгүүр хүн өөрөө бие дааж, бүх ачааллыг нуруундаа үүрнэ гэдэг бол хөгжил. Алгаа тосч амьдрахгүйгээр өөрсдөө бүтээж амьдаръя гэсний үндсэн дээр энэ сонголтыг хийсэн дээ.

-Мэдээж уран бүтээл хийж байгаа хүмүүст сонирхолтой явдал болж өнгөрсөн биз. Тэр талаараа уншигчидтайгаа хуваалцахгүй юу?

-“Хувьсал” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл байсан учраас хүндрэлтэй зүйлс олон байлаа. Бид нар тийм агуу, мундаг хүмүүс биш шүү дээ! Кино гэдэг бол том ертөнц. Драмын урлагаар хорин жил дагнасан над шиг хүнд бол хэцүү санагдсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн суралцсаар л байдаг шүү дээ. Кино зураг авалтын үед хөгжилтэй гэхээсээ илүү уйлмаар үе бишгүй тохиолдсон. Тоглоход хэцүү, хүнд зураг авалтууд ч ихтэй. Ялангуяа орлон тоглогчтой зураг авалтын үеэр надад хэцүү санагдсан. Би өөрөө зөөлөн, сэтгэл хөдлөл ихтэй хүн. Тийм  учраас зарим зураг авалтуудаа хүртэл цуцалсан. Гэхдээ зохиолын дагуу санасан зураг авалтуудаа хийж чадсан.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нэлээд хүлээлт үүсгэж байна. Хажуугаар нь нэлээд сенсаац дагуулж байна. Киноны гол дүрийн хоёр жүжигчин хоорондоо үерхсэн, ажлаа халагдсан гээд л…?

-Зөвхөн киноноос болоод Ганчимэг хүнтэй үерхээд байгаа юм биш. Мэдээж киноны залуучуудын гурван дүрд сонгон шалгаруулалт явуулсан. БНСУ-д зургаан жилийн хугацаанд мэргэжлийн жүжигчний сургууль дүүргэсэн залууг урьсан нь үнэн. Гэхдээ шууд  тэнцүүлчихээгүй. “Хэрвээ та бидний кинонд тэнцвэл тоглох боломжтой” гэж хэлсэн. Тиймээс шалгаруулалтад оролцохыг урьсан юм. Надад хүний хувийн амьдралд оролцох эрх байхгүй. Гэхдээ хөндлөнгийн хүний нүдээр бол энэ хоёр яахын аргагүй хайртай хосууд. Энэ чинь хүний сэтгэлийн юм шүү дээ, нөхөд өө!  Тэрнээс биш киногоо үзүүлэхийн тулд хоосон сенсаац тарьж, үерхээд байхгүй л дээ.

-“Гурван Урнаа” гээд их хөөрхөн хамтлаг байдаг байсан гэж дурсах хүнтэй олонтаа таарч байлаа. Нөгөө хоёр Урнаа одоо юу хийцгээж байгаа бол?

-Мэдээж та нарын үеийнхэн бол сайн мэдэхгүй байх аа. Социализмын үед охидын хамтлаг гэж бараг байдаггүй байсан. Тэр үед л гитар бариад дуулдаг байсан хамтлаг. Хүүхдүүд байсан болоод ч тэр үү, бид нарыг хүн таниад байна, бид нар алдартай болоод байна гэдгээ мэдэхгүй л байсан шиг байгаа юм. Одоо сэтгүүлч бүр надаас асууж, би ч бараг залхталаа хариулдаг ч дурсамж гэдэг зүйл чинь сайхан юм даа. Мэдээж том Урнаа ингээд жүжигчнээ хийгээд явж байна. Дунд Урнаа бол Итали, Франц, Германы дуурийн театруудад дуурийн дуулаач хийдэг. Монголд Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангийг дүүргээд Италийн Вердийн нэрэмжит консерваторыг хамгийн анх төгссөн монгол оюутан. Дэндүү даруухан мөртлөө дэлхийн хэмжээний олон тэмцээнд оролцож түрүүлсэн байдаг. Бид нар тэр талаар нь ч тэр болгон сурталчлаад байдаггүй.  Өөрөө ч тийм хүн биш. Тийм дүүгээрээ сая киноныхоо дууг дуулуулсан. Бага Урнаа буюу Уранзаяа маань бизнес эрхэлдэг. Урлагаас ангид хүн л дээ. Хүмүүс “Номин талст”-ын Хаянаагийн эхнэр гэдгээр нь сайн мэддэг.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэчнээн төгрөгийн зардалтай уран бүтээл вэ. Мэргэжлийн 90 гаруй уран бүтээлчийг хамруулсан том баг ажилласан гэсэн. Тэр ч утгаараа зардал өндөр уран бүтээл юм шиг санагадсан шүү?

-Миний төсөөлж байснаас их өндөр зардалтай гарсан. “Red one” гээд Холливудын стандартын камераар кино зургаа авсан гээд яривал зардлын хувьд их гарсан. Хоёр сая гаруй хүн амтай, тэдний тал хувь нь Улаанбаатарт амьдардаг ч, урлагийг ойлгодог, хайрладаг хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Нэлээд том ивээн тэтгэгчидтэй. Тэднийгээ ч зарлаж байгаа. Манай ивээн тэтгэгчдээр “Алтай констракшин”, “Air trans”, “Шинэ сонголт” тавилгын дэлгүүр гэх мэт байгууллагууд хамтарч ажиллаж байна. Эдгээр сайхан сэтгэлтэй хүмүүсийн тусламжтайгаар киногоо амжилттай, дутагдаж гачигдах зүйлгүйгээр өндөр төвшинд хийсэн. Чанарын өндөр төвшинд байна гэдэг чинь их мөнгө зарцуулна л гэсэн үг шүү дээ.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцийн уран бүтээлээс өрсч, бусад уран бүтээлчид киногоо товлосноос урьтаж гаргахаар болсон яриа чих дэлсч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би бодоод байгаа юм. Урлагийн ертөнц гэдэг их харгис хатуу боловч бас хүн чанартай байх хэрэгтэй. Хүмүүс сонирхсон, хүссэн зүйлээ худалдаж авдаг шиг хүссэн, сонирхсон киногоо л үзнэ. Мэргэжлийн төвшинд хийсэн киног мэдэх нь мэднэ, мэдэхгүй нь  мэдэхгүй. Ямар ч яриа хөөрөөгүй арын хаалгагүй ертөнц бол урлаг. Тийм ч учраас хүмүүс дуртайгаа л сонгож үзнэ. Энэ чинь өөрөө их харгис зүйл юм. Бид энэ сарын 12-нд нээлт хийхээр болсон. Ямар нэгэн байдлаар юу, юугүй хам хум хийхийг хүсээгүй. Ажлын явц ингэж таарсан учраас нээлтээ хийх өдөр нь ингэж таарсан. Кино зураг авалт 40 хоног үргэлжилсэн. Харин монтажаа сар гаруйн хугацаанд хийлээ . Эмэгтэйчүүд хийж байгаа гэсэн утгаараа ажилдаа нухацтай хандсан тал бий. Манай киноноос болоод нээгдэж, хаагдана гэсэн асуудал  гараагүй байх аа. Хүмүүсийн л төсөөлөл, яриа биз.

-“Хувьсал” продакшны дараагийн ажлын төлөвлөгөө юу байна вэ?

-“Хувьсал” продакшн жилийн турш хийх уран бүтээлээ төлөвлөчихсөн. Энэ байгууллагыг толгойлж явж байгаагийн хувьд дараагийнхаа ажлуудыг төлөвлөхгүй бол энэ их хурдацтай нийгэмд хол явж чадахгүй шүү дээ. “Хувьсал” продакшн ирэх гуравдугаар сард уламжлал ёсоороо тайзны уран бүтээл хийнэ. Харин дөрөвдүгээр сард дараагийн дэлгэцийн уран бүтээлийнхээ ажилд орно. Одоогоор зохиолынхоо ажилд явж байна. Мэдээж ирэх намар нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. Аравдугаар сард залуучууддаа зориулсан уран бүтээл хийнэ дээ.

-Залуучууддаа хандаж та юу гэж хэлмээр байна вэ?

-Би жаахан хуучинсаг хүн шиг байгаа юм. Нөгөө талаараа би жаахан үндсэрхэг хүн л дээ. Яагаад анх дэлхий ертөнц үүсч байхад үндэстэн, үндэстэн болгож хуваасан юм бол?

-Харин л дээ?

-Яагаад нэг үндэстэн гээд нийлээд нэг үндэстэн болчихоогүй юм бол? Яагаад өөр өөрийн гэсэн соёлтой, онцлогтой болсон юм бол? Тэгэхлээр бид энэ үндэсний онцлог үндэстнээрээ бахархахгүй байхын аргагүй. Цаг үе хурдацтай хөгжиж байна. Дэлхий ертөнц даяарчлагдана гэж ярьдаг боловч монгол хүн хүнээрээ байгаасай гэж боддог юм. Манай залуучууд өрнийн, дорнын гээд янз янзын соёлуудад хурдан автдаг. Битгий тийм юманд автаасай. Би монгол хүн, миний онцлог бол энэ гэдгээ мэдрээсэй гэж боддог. Тийм учраас монгол хэл, соёлоо маш сайн хадгалж үлдээсэй. Монголоороо зөв ярьдаг, зөв бичдэг байгаасай. Гадаад гээд хэт автаад монгол хүний зан төлөв, байр байдлаа алддаг. Ялангуяа миний үеийн хүмүүсийн хүүхдүүд нь монголоороо ярьж чадахгүй яг гадаадаар ярьж байгаа юм шиг ярьдаг болж. Англиар сайн ярилаа гээд тэр хүн англи хүн болохгүй шүү дээ. Харамсалтай нь тэр монгол хүн. Энэ бол сэтгэхүй нь эрэмдэг болохын эхний шинж. Ингэснээр ардын уламжлалт ёс заншил, хэв шинж тэр чигтээ алдагдаж эхэлнэ. Яагаад гэхээр тэр хүн англиар яриад, америкаар сэтгэж байгаа юм. Үндэсний үзэлтэй, хэл, соёлоо үндэстнийхээ онцлогийг битгий алдаач ээ л гэмээр байна даа.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж