Долларын ханш урьд өмнө байгаагүйгээр өсч бараг л 1800 шүргээд алдсан шалтгааныг тодруулахаар УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзсан ч харамсалтай нь олигтойхон тайлбар сонсч чадаагүй байна. Нөгөөдүүл нь ам.долларын ханш 1790 төгрөгт хүрснийг бараг л мэдээ ч үгүй байсан юм даг уу даа. Тэгэд л гэнэтхэн сэрсэн аятай юу болоод өнгөрөвөө гэж ирээд л орсон борооны хойноос цув нөмрөөд баахан гүйсэн ч ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн гэмтнийг олж чадсангүй. Бямба гаригт болсон явдлыг даваа гаригт ажилдаа ирсэн СЗХ-ныхон яаж шалгаж чадах вэ дээ. Хэвлэл мэдээллээс уншиж, твиттерээс сонссон уу, эсвэл таньдаг мэддэг хүн нь утасдаж хэлэв үү, ямар ч байсан асуудал намжсан хойно араас нь хөөцөлдөөд ч үр дүнд хүрч чадаагүйгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. “Найман шарга”-аар шалгалт хийхэд 1790 төгрөгөөр ам.долларыг зарсан гэх албан ёсны баримт гарч ирээгүй гэсэн жаахан хүүхэд л итгэмээр тайлбар хийж байгаа СЗХ-ныхон одоо боль оо, ажлаа хий. Яаж ч бодсон хар захын ченжүүд ямар нэгэн бичиг баримт үйлдэж, биеэ хэрэгт хийх хүмүүс мөн үү. Яс юман дээрээ СЗХ-ныхон амралтын өдрүүдээр гэнэтийн шалгалт хийж, гэмтнийг газар дээр нь гардаагүй л бол “Би ам.долларыг 1790 төгрөгөөр зарсан” гээд хэн ч үнэнээ хэлэхгүй нь тодорхой. Хариуцсан салбарт ханшийн зохиомол хөөрөгдөл үүсч, эдийн засагт “түймэр тавих”-аа дөхөж байхад Д.Баярсайхан дарга анхаарал хандуулах сөхөөгүй ажлаар ч юм уу, амралтаар ч юм уу гадаадад л яваа сурагтай. Тэрбээр эл салбарыг хариуцан ажилласнаас хойш яг ямар шинэчлэлт, өөрчлөлт хийсэн нь тун ч тодорхойгүй. Юу хийж, яаж ажиллаж байгаа нь ч нам гүмхэн.
Гэтэл Монголын банк бус санхүүгийн систем нь мөнөөх л бахь байдгаараа хэдэн ченжийн хэлсэн үгээр тоглоомын дүрмээ тогтоогоод явж байгаа нь саяны амралтын өдрүүдэд гарсан явдлаас харагдаж байна. Уг нь Монголын банк бус санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг, хариуцан ажилладаг эрх мэдэл бүхий байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо. Ченжүүдийг хянах, шалгах, торгох, шийтгэх бүр үйл ажилагааг нь хаах хүртэл арга хэмжээ авах эрх нь тэдэнд бий. Харамсалтай нь, СХЗ-ныхон нь ажлаа мэдэхгүйгээс юм уу, эсвэл хийх сонирхолгүйтэй нь ч холбоотой юу, ямар ч байсан ханшийн өсөлт уналт хар захын хэдэн ченжүүдээс л хамаардаг хэвээрээ л байна. Тэгэхээр “Найман шарга” захын ченжүүдийг цэгцэлж, банк бус санхүүгийн зах зээлийг шинэчлэх, тэдэнд тавьж байгаа шаардлагыг сайжруулахгүйгээр ханшийн савалгаа хар захын хэдэн ченжээс хамааралтай байсаар л байх юм. Харин энэ бүгдийг зохицуулах ёстой СЗХ-ныхон, нойрноосоо сэрэх цаг болжээ.