
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, зарим яамдын нэр, чиглэлийг өөрчлөөд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагналаа. БОНХЯамнаас энэ хугацаанд “Иргэдийн оролцоотой ногоон хөгжил” гэсэн уриаг баримтлан ажилласан байна. Мөн мод, модон материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлжээ. Ингэхдээ гадаадаас импортлон оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, банз, дүнз, гуалинг татвараас чөлөөлсөн байна. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тэдний цар хүрээг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой гэж тус яамныхан дүгнэж байгаа юм. Мөн иргэд, аж ахуйн нэгж ойн зурвас, ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болговол ажил үйлчилгээг нь НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гарчээ. Ийнхүү мод модон материалыг татвараас чөлөөлсөн нь нийслэлд сүүлийн үеийн загвар бүхий сууц олноор баригдах, үйлдвэрлэгчдийн цар хүрээ нэмэгдэж, ажилчдын орлого өсөх, гаднаас авах модын хэмжээ нэмэгдсэнээр Монголын ойн сан хамгаалагдаж, хулгайгаар мод бэлтгэх хууль бус үйлдэл багасах сайн талтай юм.
Т.ДАРХАН