Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт өрнөж байна

Эрчим хүчний салбарт шинэ ТЭЦ-3 барьсантай тэнцэх бүтээн байгуулалт хийж байна

Улс орны хэмжээнд өрнөж буй том төслүүдийн ажлын явцыг мэдээлдэг ээлжит “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Сайншандыг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто замыг нээснээр энэ жил дуусгах хуваарьтай 6 аймгийн 2 нь бүрэн ашиглалтад орлоо. Үлдсэн 4 аймгийн замын газар шорооны ажил дуусч, одоо өнгөн хучилт хийж байна. Нийслэлд Мишээл экспогийн ар, 1-р хорооллын ар, Сонсголонгийн замын ажил ид өрнөж байна. “Гудамж” төслийн хүрээнд Циркийн хойд, 25 дугаар эмийн сангийн урд, ТЭЦ-3-ын урд, Гэмтлийн эмнэлгийн арын уулзваруудын шинэчлэл эхэлсэн. Өнөөдөр Тасганы овооны уулзварыг нээснээр 12 дахь уулзвар бүрэн ашиглалтад орлоо. Нисэхийн замын нэг урсгалыг нээсэн, Цонжинболдог руу тавьж буй замын хөдөлгөөнийг энэ сарын 15-нд нээнэ гэж холбогдох албаныхан мэдээллээ. Ерөнхий сайд өмнөх “Бүтээн байгуулалтын цаг”-аар авто замын чанарт тавьж буй хяналтаа сайжруулахыг үүрэг болгосны дагуу холбогдох газраас тайлбар өгсөн юм. Замын эвдрэлийн үндсэн шалтгаан болдог ус зайлуулагч, шингээгчийг шинэ замуудад шаардлага тавьж бүрэн суурилуулан хүлээн авч байгаа бол хуучин замуудад нэмж суурилуулж эхэлсэн. Иймд цаашид нийслэлийн авто замын нас уртасч, чанар сайжирна гэж Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ.

Чингис бондын хөрөнгөөр санхүүлэх үйлдвэрлэлийн салбаруудаас сүүний фермийн нэг төслийн ажил эхэлсэн. Ноос, ноолуурын 3 төслийг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. Гурван ээлжээр өндөр ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч сурагчдын дүрэмт хувцасны нийлүүлэлт графикт хугацаанаас 7 хоногийн хоцролттой явна. Газар тариалангийн салбарт ургац хураалт эхэлсэн, сүүлийн өдрүүдийн цочир хүйтрэл ургацад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хэллээ.

Эрчим хүчний салбарт энэ онд ТЭЦ-3 станцтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт хийж буйг М.Сономпил сайд онцоллоо. Шинээр ашиглалтад оруулсан Салхитын цахилгаан станц болон дулааны хоёр станцын өргөтгөлийн хүчин чадлын нэгдсэн дүнг тооцоход ТЭЦ-3 станцын одоогийн гаргаж буй 148 MBT чадлаас давсан эх үүсвэр болж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа онцгойлон анхаарал тавьсан эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэх зорилт ийнхүү үр дүнд хүрч эхэлсний зэрэгцээ ирэх жилүүдэд босох станцуудын ажил урагшилсан нь том ахиц юм. Дараа оны намар ашиглалтад орох Амгалангийн дулааны станц гэхэд л Дарханыхаас хоёр дахин илүү эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлнэ, ажил нь гараанаас хөдөлсөн ТЭЦ-5 станц шинээр барих үйлдвэр, орон сууцуудыг цахилгаан, дулаанаар хангах найдвартай эх үүсвэр болно гэж салбарын сайд нь хэллээ.

Орон сууцны барилга, инженерийн дэд бүтцийн ажлууд хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 15 мянган зээлдэгч өндөр хүүтэй зээлээ 8 хувьд шилжүүлж, шинээр 6300 иргэн зээл аваад байна. Энэ жил 37 мянган айлын орон сууц ашиглалтад орно гэж тооцоолсон ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул яг хаана хаана хэдэн барилга хэзээ босч бэлэн болохыг нарийвчлан гаргахаар судалгаа хийж эхэлсэн. Мөн түрээсийн орон сууцууд барих байршлуудын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдээллээ.

Улаанбаатар хотын гэр хорооллын 12 байршилд хашааны газар дээр тохилог орон сууцууд босч эхэлсэн. Одоогоор Баянзүрх дүүрэгт  Эрдэнэтолгой, Нарантуул захын орчим, Чингэлтэй дүүрэгт Хайлаастын гэр хорооллыг орон сууцжуулах ажил хамгийн ахицтай явна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж