Сайд нар бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Сайд нар бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийв

Өнөөдөр Төрийн ордонд болсон “Бүтээн
байгуулалтын цаг” уулзалтаар зам засвар, эрчим хүчний
салбарт хийгдэж буй ажлууд болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар  сайд нар мэдээлэл хийлээ.

Таван уулзвар ашиглалтад оруулжээ

Зам
тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн амралтын өдрүүдэд Шивээхүрэн,
Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилтай танилцсан байна. Энэ
замын ажлыг 1100 ажилтан 600 орчим техник ашиглан гүйцэтгэж байгаа бөгөөд
төмөр замын ажил графикийн дагуу үргэлжилж байгаа аж. Харин замын 
гурван чиглэлд бага зэргийн өөрчлөлт гаргах ёстой ба ирэх долоо
хоногт холбогдох сайдуудын хамт газар дээр нь ажиллахаар төлөвлөж байгаа
гэдгийг Зам тээврийн сайд танилцууллаа. Засгийн газраас зургаан
аймгийг хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байгаагийн хоёрыг нь
өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулсан байна. Удахгүй
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зам ашиглалтад орох бөгөөд цаашид Дундговь, Дорнодын замуудыг ашиглалтад өгөхөөр ажлыг шуурхайлж байгааг тэрээр онцлов. Орон нутагт баригдаж байгаа авто замын хувьд цаг агаар сэрүүсч байгаагаас хучилт хийхэд хүндрэл гарч байгаа ч өөрсдийн
боломжийг ашиглан ажлаа гүйцэтгэж байгаа гэнэ.

“Гудамж” төслийн
хүрээнд өнгөрсөн долоо хоногт таван уулзвар ашиглалтад оруулсан байна.
Тодруулбал, Бөхийн өргөөний уулзвар, Ажилчны гудамж, III, IV хорооллын
эцсийн уулзвар, Гурвалжийнгийн гүүрийн цаад талын уулзвар, Тасганы
овооны уулзваруудыг одоогоор ашиглалтад оруулаад байна. Мөн ойрын
хугацаанд ГСҮТ-ийн уулзвар, 25-р эмийн сангийн уулзвар, ТЭЦ-4-ийн
уулзаваруудыг ашиглалтад өгөхөөр дөхөж байгаа ажээ. Эдийн засгийн
хөгжлийн яамнаас “Гудамж” төслийн хүрээнд замын ачаалалтай хэсгүүдэд
буюу нийт 33 уулзварыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа.
Нийслэлийн хэмжээнд баригдаж буй авто замын ажил мөн хэвийн үргэлжилж
байгаа бөгөөд Чингисийн хөшөөнөөс нийслэл хүрэх замын 19 км-ийн хучилтыг
хийж, энэ сарын 30-нд зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар болжээ. Мөн
Нисэхээс Шувуун фабрикийн чиглэлийн 22,5 км-ийн ажил эрчимтэй явж
байгаа гэдгийг Нийслэлийн удирдлагууд онцоллоо.

Өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

Эрчим
хүчний яамнаас өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор Засгийн газрын
хуралдаанаар таван ажлыг батлуулсан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 70
хувьтай байгаа талаар Эрчим хүчний сайд М.Сономпил танилцууллаа. Энэ жилийн
хувьд цахилгаан эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд
Салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулаад буй. Салхин станц
нь шөнөдөө 38-42 МВ-ын, өдөртөө 10-15 МВ-ын  цахилгаан авч байгаа аж.
Мөн III цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад
оруулахаар төлөвлөсөн байна. Харин IV  цахилгаан станцын өргөтгөл ирэх
оны долдугаар сард дуусгавар болох ажээ.

Ургац хураалтад бэлтгэж байна

Энэ
долоо хоногоос хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ургац
хураалтын явцыг өнөөдрийн уулзалтад танилцууллаа. Үйлвэр хөдөө, аж ахуйн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Х.Золжаргал “Ургац хураалтын хувьд хүндрэл гарахгүй байх.
Тариаланчдын хувьд энэ зэргийн хүйтрэлтэд санаа зовохгүй байгаа. Одоо
боловсруулалт дууссан учраас бага зэргийн хүйтрэхэд гэмгүй" гэлээ. Тариаланчид цаг агаарын нөхцөл
байдлыг харж байгаад ургац хураалтаа эхлүүлэх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж