З.Энхболд: Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хий

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хий

Өнгөрсөн бямба гаригт ам.долларын ханш урьд хожид байгаагүйгээр өсч, 1780 төгрөгт хүрчээ.

Тухайн өдөр арилжааны банкууд ам.долларын худалдаандаа хязгаарлалт тогтоосон тул валют арилжааны төвүүд нэг ам.долларыг 1765 төгрөгөөр авч, 1780 төгрөгөөр худалдсан гэсэн мэдээллийг хэвлэлийнхэн бичсэн байгаа.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны холбогдох ажилтнуудаас тайлбар хүсч, өнөөдөр уулзалт зохион байгуулсан юм. Тус хорооны дэд дарга Г.Хэрлэн, Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг нар УИХ-ын даргатай уулзахдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд ам.долларын ханш 1780 төгрөгт хүрсэн гэж мэдээлсэн ч яг энэ ханшаар ам.доллар зарсан гэх баримт олдоогүй гэдгийг хэллээ.

Өөрөөр хэлбэл, 1780 төгрөгөөр ам.доллар авсан нэг ч хүн баримтаар батлагдаагүй аж. Түүнчлэн "Ам.долларын ханш их хэмжээгээр хэлбэлзэхэд арилжааны банкуудын тогтоосон хязгаарлалт  гол нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа" хэмээн тэд хэллээ. Үүний хариуд УИХ-ын дарга "Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын чухам хэн нь үнэ ханшийг зохиомлоор нэмэгдүүлснийг тодруулан, арга хэмжээ авахын дээр цаашид ББСБ-уудыг зарласан ханшаар наймаа хийдэг болгох, үнэ ханшийг зохиомлоор нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, дээрх байгууллагуудыг иргэдэд үйлчлэхдээ арилжааны банкны нэгэн адил кассын машинтай болгох, иргэний үнэмлэхийг үндэслэн үйлчлэх, хүмүүсийг тосч уулзан, валют зардаг гаж байдлыг халах хэрэгтэй" гэдгийг анхааруулсан юм.

Есдүгээр сарын 7-ны бямба гаригт Хаан банк хүн тус бүрт 200 ам.доллараас дээш гүйлгээ хийхгүй гэсэн хязгаарлалт тавьсан бол Голомт банкны аль ч салбар валют солиогүй гэдгийг СЗХ-ныхон хэлж байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар ч арилжааны банкууд хязгаарлалт хийсэн хэвээр байгааг онцолж байлаа. Энэ бүх хязгаарлалтаас болж ББСБ-ынхан үнэ ханшаа өсгөж байж болох талтайг харин тэд үгүйсгэсэнгүй. Гэвч спикер “Валют арилжааг зохицуулалтгүй хар захын хэлбэрээр ажиллуулах үндэслэлгүй. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хий, шаардлагаа өндөрсгөх, та бүхэнд хангалттай эрх мэдэл бий” гэсэн хатуу шаардлагыг тавилаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж