УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү, “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа болон “Рио Тинто”-гийн удирдлагуудын маргааныг шийдвэрлэх хурал ирэх пүрэв гариг буюу есдүгээр сарын 12-нд Улсын дээд шүүхэд болно. С.Гантуяа өнгөрсөн хавар удирдлагууддаа “Оюутолгой” компанийг монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү өндөр цалин өгч байгааг эсэргүүцсэний улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Үүний дараа С.Гантуяа шүүхэд гомдол гарган, хоёр шатны шүүх хуралд ялсан юм. Гэсэн ч “Оюутолгой” компанийн Улсын дээд шүүхэд давж заалдсан гомдлын дагуух шүүх хурал ирэх пүрэв гаригт болох гэнэ.
С.Гантуяа өмнөх шатны шүүхүүдэд ялсны дараа “Монголын шүүх шударга байж энэхүү маргааныг хуулийн дагуу шийдлээ. Ажилдаа буцаж орж, Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлана" хэмээн хэлж байсан юм.
Б.БИЛЭГ