Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Исламын Бүгд найрамдах Пакистан улс, Грек улсаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх х жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Исламын Бүгд найрамдах Пакистан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масүүд Халид, Грек улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вассилиос Костис нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг хүлээн авч уулзав.

Исламын Бүгд найрамдах Пакистан улсаас Монгол Улсад суух Элчин сайд Масүүд Халидтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Пакистан улсыг Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш хэмээн үздэгийг онцлон тэмдэглэлээ. Монгол Улс Пакистантай хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх сонирхолтой байдгийг тэмдэглэв. Монгол, Пакистаны Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалтыг зохин байгуулах чиглэлээр байр сууриа илэрхийлж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх үйлсэд Элчин сайд Масүүд Халидтай хамтран ажиллах болно гэдгийг илэрхийлж түүнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Грек улсын Элчин сайд Вассилиос Костистой уулзахдаа Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Европын холбооны гишүүн орнууд, түүний дотор Грек улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэл барьдаг талаар ярилаа. Монгол Улс Европын холбоотой Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Монгол Улс, Европын холбооны хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж нээж буйг тэмдэглэв. Ноён Вассилиос Костисийг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах болно гэдгийг тэмдэглэж ноён Элчин сайдад эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж