“Их Майдар” төсөлтэй танилцжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

“Их Майдар” төсөлтэй танилцжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Өгөөмөрийн ам Зүрх уулын энгэрт бүтээн босгож буй дэлхийн хамгийн өндөр Майдар бурхан, суварган байгууламжийн барилгын ажлын явцтай Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын чойжин Түвдэн Готов танилцжээ.

54 метр өндөр Майдар бурхан нь өөрөө 372 тонн жинтэй бөгөөд бурханыг байрлуулах суурийн ажилд нийт 3000м3 бетон, 700 тонн ган төмөр хийц, 600 тонн арматур зэрэг барилгын материал орж байгаа юм. Их Майдар төслийн баг 2012 онд бурханы төмөр бетон суурийн ажлыг хийсэн байна. Одоогийн байдлаар 372 тонн жинтэй бурханыг байрлуулах суурийн ажил буюу 2х2 метрийн хэмжээтэй долоон баганыг цутгах болон ган хийц угсралтын ажлыг  Монголын компаниуд гар нийлэн гүйцэтгэж байна. Харин барилгын зураг төслийг Английн Тони Жий энд Партнерс /Tony Gee and Partners/ компани боловсруулсан аж.

Төслийн төлөвлөгөөний дагуу энэ ондоо багтаж бурханы зарим угсралтыг хийж гүйцэтгэх бөгөөд 2014 онд бурханыг бүрэн бүтээж дуусгах юм. Харин 2015 онд Майдар бурханы чанх ард байрлах 108 метр өндөр суварган байгууламжийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг төслийнхөн онцолсон байна. Уг төслийн зорилго нь Монгол түмнийхээ оюуны дархлааг бэхжүүлэх, түүх соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, нийгмийг соён гэгээрүүлэх, залуу үеийн ёс зүйг төлөвшүүлэх, уламжлал ёс заншлаа сэргээх, бурханы шашны сургаалийг шинжлэх ухааны үүднээс судлан, судалгааны бүтээл туурвих, уран барилгын гайхамшигт бүтээлийг бүтээн босгох явдал юм.  

Их Майдар төслийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багшийн зүгээс сайшаан, дэмжиж ажиллаж байгаа бөгөөд олон улсын нэр хүнд бүхий шашны зүтгэлтэнүүд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын Чойжин Түвдэн Готов /Nechung Oracle/ ламын хувьд 1958 онд Төвдөд мэндэлжээ. Хятадын эзлэн түрэмгийллийн үеэр эцэг эхийн хамт Энэтхэг улс руу дүрвэн гарч үүний дараагаар Нэйчүн хийдэд 1971 оноос шавилан суусан байна. Түүнийг 1987 онд өмнөх дүрийн Нэйчүн Чойжин ламын залгамжлагчаар тодруулж 1988 онд Төвдийн “Улсын Чойжин лам”-аар албан ёсоор өргөмжилсөн юм.  

Ш.ОЧ







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж