
Намар болгон чацаргана жимсээ боловсорч гүйцэх цагаар ургацын баяраа хэрэглэгч, хамт олон, гэр бүл, найз нөхөдтэйгээ тэмдэглэдэг уламжлалтай хаан жимсний хамт олон энэ жил арвин ургац хурааж байгаа гэнэ. Хаан жимсний баярт “Хаан жимс” компанийн захирал Д.Гэрэлхүү хэвлэл мэдээллийн салбарынхан гээд нэлээд олон зочид оролцсон юм.
Жимсний баярыг нээж үг хэлсэн “Хаан жимс” компанийн захирал Д.Гэрэлхүү “Чацарганын мод хүний амьдралын хугацаатай адил насалдаг. Бас яг л хүүхэд шиг сэтгэл, арчилгаа, тордолгоо шаардана. Мөн чацарганын мод үр жимсээ өгөх хүртэл таван жил хүлээх хэрэгтэй. Харин чацарганын мод нэг ургасан хойноо 10-15 жил үр жимсээ өгнө. 1 мод ойролцоогоор 75 насалдаг юм. Сайн хүнтэй адил сайн мод сайн үр жимс өгдөг. Чацаргана тарихад хамгийн чухал нь усалгаа. Мод гэдэг чинь амьтай шүү дээ. Бид чацарганын моднуудаа яг л өөрсдийнхөө үр хүүхэд шиг хайрлаж, арчилдаг.” Хэмээн ярьсан юм.
Анх таван жилийн өмнөөс чацаргана тариалж эхэлсэн тус компанийнхан одоо Увс аймгийн Улаангом хотод 82 га газар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 82 га газар, Төв аймгийн Эрдэнэ суманд 4 га газар чацаргана тариалж байна. Хаан жимс компанийн ургац хураалтад 70-80 хүн ажиллаж, өдөрт 2.5 тонныг хурааж байгаа аж. “Хаан жимс” компанийн ерөнхий агрономич н.Ганбат чацарганын сортын талаар “ОХУ-ын Барнаулаас авчирсан сортын чацаргана жимс томтой, тослог ихтэй, өргөс бага. Чацарганын жимс нь улаан бол тослог ихтэй, сахарын агууламж бага, шаргал тусмаа сахар ихтэй, тослог бага байдаг” хэмээн ярьж байлаа.
Сүүлийн жилүүдэд уламжлал болгон тэмдэглэж буй Хаан жимсний баярт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн оролцогчдоос гадна хаа холын Увс аймгаас гэр бүлээрээ зорьж ирсэн хүмүүс ч байсан юм. Жимсний баярын үеэр зохиосон тэмцээний хамгийн сонирхолтой нь хаан жимсний шаргал өнгөтэй хувцсаар ижилсэж, гоёсон оролцогчийг шалгаруулсан тэмцээн байв.
Шилдэг оролцогчид нь шаргал өнгийн хувцсаар ижилссэн ихрүүд байсан бөгөөд хамгийн амттай, тослог “чацаргана” болж, “Хаан жимс” компанийн хамт олны тусгай шагналын эзэд болсон юм.