Энэ мэтчилэн МАН-ын Их хурал дөхөх тусам энэ намын дотоод асуудал бужигнаантай хэвээр байх бололтой. Залуус нь намынхаа удирдлагууд руу довтолгож, нөгөөдүүл нь тэдний эсрэг хамгаалалтаа боловсруулах гээд МАН дахин үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэж байна. МАН дээрээ ч суудлаа олохгүй, дороо ч гүйдлээ олж чадахгүй л байна. Тэдний хэн нь ч ямар ч зүйл ярихад бэлэн, намынхаа алдааг яаж ч ил гаргахад бэлэн болжээ. Тэр тусмаа “Шинэчилье” хөдөлгөөний залуус тэр болтол яаж ч бужигнуулж, улстөр хийхийг таашгүй.
Уг нь МАН-ыг мандаж явах үед УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх намдаа овоо хэдэн залуу элсүүлж, өөд татсан нь одоогийн “Шинэчилье” хөдөлгөөний залуус гэх юм билээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч н.Амарбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхан, мөн “Шинэчилье” хөдөлгөөний гишүүн н.Бат-Эрдэнэ нарыг хэн ч танихгүй залуучууд явахад гараас нь хөтөлж, намдаа элсүүлсэн гэдэг. Тухайлбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг Хаан банкны эдийн засагч байхад нь Зүүний хүчний холбоонд элсүүлж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд болтол дэвшүүлсэн. УИХ-ын 2012 оны сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд ялагдан, толгойгоо “ганзаглаад” буцаад ирэхэд нь У.Хүрсэлсүх өөрийн албаа Г.Занданшатарт шилжүүлсэн. Тэр үед намын нөхөд нь “Тойргоосоо 20 мянган сонгогчийн санал авч чадаагүй хүн намын “гал тогоо” барьж чадахгүй. Манай нам 200 мянга шахам гишүүнтэй, 20 мянган хүний санал авч чадаагүй хүн 200 мянга шахам хүнийг удирдаж чадахгүй. Өөр хүн томилох ёстой” хэмээн эсэргүүцэж байсан ч сөрөг хүчний байр сууринд оччихоод буй хүнд үед өөрийн итгэлт хүнээ тавих нь илүү оновчтой хэмээн харсан уу, ямартай ч зүтгэж байгаад Г.Занданшатарыг ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулж байлаа. Харамсалтай нь, У.Хүрэлсүхийнх шиг тэмцэгч чанар Г.Занданшатарт байгаагүй.
“Шинэчилье” хөдөлгөөний залуусын хувьд ч ялгаагүй, албан тушаал, эрх мэдэл л чухал болохоос өөр юу ч биш бололтой. Энэ залуус МАН сөрөг хүчин болсон энэ нэг жилийн хугацаанд юу хийв, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиар НАМЗХ-ны дуу хоолой хэр сонсогдсон бэ гэдгийг эргээд нэхвэл базаахгүй л дүр зураг буух бололтой. Уг нь энэ холбоонд чадалтай, боловсролтой залуус олон бий гэдэг. Даанч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд зөвхөн өөрсдийгөө дагасан залуучуудыг НАМЗХ-оо хэмээн харж, амбицаар ажлаа хийж, аль болох амар хялбар аргаар албан тушаалд хүрч ирсэн нь энэ намын залуучуудын байгууллагыг буруу тийш залсан гэж шүүмжлэх хүн цөөнгүй болжээ.
Тиймээс намын удирдлагуудын хувьд энэхүү алдаан дээр нь дөрөөлөөд НАМЗХ-ны удирдлагыг өөрчлөх сценарь бэлтгэж суухыг үгүйсгэх аргагүй. “Шинэчилье” хөдөлгөөнд багтдаггүй залуусын хувьд НАМЗХ-ны үйл ажиллагаанд дүгнэлт хийх цаг болсон гэж хэлж байна. Тэгээд ч Их хурлаараа НАМЗХ-ны үйл ажиллагааны тухай хөндөж, зөв гольдролд нь оруулахгүй бол ирэх 2016 оны сонгуульд МАН амжилт олоход бэрх. Залуучуудын байгууллага бол намд тулах хүч, суурь нь болсоор ирсэн. МАН дараалан таван сонгуульд ялагдсаны шалтгаан юунд байна вэ гэдгийг арай нэг өөр нүдээр хараад үзвэл залуучууд руу хандсан, тэдний эрх ашгийг хамгаалах бодлогыг гаргаж чадаагүй гэсэн онош тавигдахыг үгүйсгэх аргагүй аж.
АН, МАН-ын хамтарсан Засаг хэрхэн ажилласныг та бид бүгдээрээ мэднэ. Одоо сонгогчдынхоо сонголтыг хүндэтгээд Ардчилсан намд ачааг нь дангаар нь үүрүүлье. Харин энэ “Шинэчлье” хөдөлгөөнийхөнг яая даа байз. МАН-ын удирдлагууд ч гэсэндээ таг дуугүй ноолуулаад сууж л байдаг, алганы амт үзүүлэхэд яана даа. Монгол Ардын Намаа гэж…