Манай орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн орд газрууд болон говийн хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах зорилготой Мандалговь-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа оржээ. Төсөл хоёр үе шаттай хэрэгжсэн бөгөөд эхний шатанд Өмнөговь аймгийн Даланзадгад, Манлай болон аймгийн төвийн ойролцоох гурван сумыг Төвийн бүсийн эрчим хүчний системд холбон, дэд станцыг Цогтцэций суманд барьж өнгөрсөн жил ашиглалтанд оруулсан билээ. Төслийн хоёр дугаар шат болох Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын хоёр хэлхээт 138 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил дуусч, 2013 оны 8-рсарын 30-ны өдөр Эрчим хүчний яамны техникийн комисс ажиллажээ. Төслийн хүрээнд хийгдэх Оюутолгой дэд станцын барилга угсралтын ажил одоогоор 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа басаяхан холбосон Тавантолгой-Оюутолгойн агаарын шугамаар дамжуулан Ухаа худаг цахилгаан станцаас эрчим хүчээр хангаж байна. Оюутолгой дэд станц ашиглалтанд орсоноор Мандалговь-Тавантолгой-Оюутолгойг холбосон 400км цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний мэдэлд шилжинэ. Ийнхүү Оюутолгой төслийн цахилгааны боломжит хэрэглээг дотоодоос хангах нь манай улсын эрчим хүчний борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, БНХАУ-аас импортоор авах цахилгааны хэмжээг бууруулах давуу талтай. Цаашдаа Тавантолгойд өндөр хүчин чадалтай цахилгаан станц баригдсанаар эрчим хүчний 2 талт тэжээлүүсэн Төвийн бүс болон Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой юм.
Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтыг төслийн ерөнхий гүйцэтгэгч М-Си-Эс Интернэйшнл ХХК дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын 22 компани,бэлтгэн нийлүүлэгчээр дотоод, гадаадын 40 гаруй компани, нийт 300 гаруй ажилтан ажиллажээ.