хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдийн санаачилсан Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Хууль санаачлагчид сүүлийн жилүүдэд компаниуд бусдад хөрөнгө оруулж олон охин болон хараат компаниудтай болж байна. Ийм тохиолдолд толгой компаниас хөрөнгө оруулсан компанитайгаа харьцах харилцааны хууль зүйн зохицуулалт шаардлагатай болсон. Үүнийг 2011 онд УИХ-аас батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар толгой компани нь охин болон хараат компанийхаа үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцоно гэсэн заалтаар зохицуулж өгсөн боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар тодорхой заалт хуульд ороогүйгээс өнөөдрийн байдлаар энэ талын үйл ажиллагаа нь зохицуулалтгүй болж энэ байдалд хүмүүс өөрсдийн дураар хандах болсоныг хэлээд, хуулийн хэрэгжилтийн явцад зарим зүйл, заалтыг илүү тодруулах нийтэд ойлгомжтой болгох шаардлага гарч байгааг хэлэв. Үүнтэй холбогдуулан Компанийн тухай болон төрийн төлөөллийг хэрэгжүүлэх харилцааг зохицуулж буй зарим хуульд орох нэмэлт өөрчлөлтийн төслийн боловсруулан хүргүүлж буйг парламентын тэргүүнд мэдэгдлээ.
Ийнхүү дээр дурдсан шалтаг шаардлагын улмаас Компанийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон түүнтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад өөрчлөлтийн талаар санал боловсруулан хүргүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.