Үндэсний үйлдвэрлэгчдэд боломж гарч байна
-Долларын ханш 1200 байхад импортын хямдхан бараанд зах зээл эзлэгдэж үндэсний үйлдвэрүүд үүд хаалгаа барих хүндхэн нөхцөлтэй тулгардаг. Танай хувьд ямар байдаг вэ?
-Манай үйлдвэрийн хувьд ч ам.доллар хямдрах нь эрсдэл авчирдаг. Учир нь импортоор оруулж ирдэг оймснууд манайхаас харьцангуй хямд үнэтэй болдог гэсэн үг л дээ. Хэдий тийм ч иргэдийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хужаагийн оймсноос илүү Монголдоо үйлдвэрлэсэн оймсыг хэрэглэх нь нэмэгдэж байгаа. Тэгээд ч хамаагүй чанартай.
-Одоо ам.долларын ханш 1700 хүрээд байна. Энэ нь танай үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Харьцангуй таатай нөхцөл байдлыг бий болгож байна. Ингэж долларын ханш нэмэгдэх нь импортоор орж ирж байгаа оймсны үнийг өсгөх, түүнчлэн импортлогчдын хувьд оруулж ирэх оймсоо багасгадаг учир манай оймсны хувьд зах зээлээ өргөтгөх боломж үүсч байна гэсэн үг. Энэ бол алтан боломж. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй болов уу. Бид чанартай сайн оймс хийхийн тулд чанартай түүхий эд хэрэглэх шаардлагатай байдаг. Бүр тодруулвал Солонгосоос ноосон даавуун оймсны утсаа оруулж ирдэг. Хэдийгээр оймсны гол түүхий эд болох хонины ноос манайд хамгийн хямд бөгөөд олдоцтой байдаг хэдий ч эцсийн боловсруулалт хийх техник, технологи байдаггүй. Уг нь 10 тэрбумын хөрөнгө оруулалтаар Солонгосоос ээрэх үйлдвэрийг оруулж ирэх боломж нь бий. Бид ч холбогдох яам, тамгын газарт энэ талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч биднийг тоож үздэггүй. Өөрсдөө оруулж ирье гэхээр барьцаа хөрөнгөгүй жижиг үйлдвэрийн хувьд энэ их мөнгөөр үйлдвэр оруулж ирэх боломж, зээл нь олддоггүй.
-Долларын ханш 1200 байхад импортын хямдхан бараанд зах зээл эзлэгдэж үндэсний үйлдвэрүүд үүд хаалгаа барих хүндхэн нөхцөлтэй тулгардаг. Танай хувьд ямар байдаг вэ?
-Тийм нөхцөл байдал үүсдэг. Дасан зохицсоор өдийг хүрлээ.
-Одоо ам.долларын ханш 1700 хүрээд байна. Энэ нь танай үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Ханшийн өсөлттэй холбоотойгоор импортын тарилгын шингэн, эмийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсч, орж ирэх хэмжээ нь буурдаг. Тиймдээ ч дотоодоосоо буюу үндэсний үйлдвэрлэгчдээсээ авдаг болъё гэсэн саналыг эм ханган нийлүүлэх газрууд олноороо тавих болсон. Энэ нь ч бидэнд зах зээлээ тэлэх давуу талыг бий болгож байна. Хэдийгээр түүхий эд сав баглаа боодлоо гаднаас импортолдог ч гэсэн дотооддоо ажиллах хүч, үйлдвэрлэлийн бүхий л зардлаа шингээн нэмүүн өртөгтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь улсдаа оруулж байгаа хувь нэмэр юм болов уу. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд ханшийн өсөлтийг дагаж импортлогчид шиг бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэггүй нь том давуу тал юм даа.
-Долларын ханш 1200 байхад импортын хямдхан бараанд зах зээл эзлэгдэж үндэсний үйлдвэрүүд үүд хаалгаа барих хүндхэн нөхцөлтэй тулгардаг. Танай хувьд ямар байдаг вэ?
-Доллар хямд үед импортын гуриланд зах зээлээ алдах эрсдэл мэдээж байдаг. Гэхдээ сүүлийн үед хэрэглэгчид маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодынхоо гурилыг түлхүү хэрэглэх болсон нь ажиглагдаж байна. Төрөөс импортын гурилаас авах татварыг нэмэгдүүлсэн нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн бас нэг алхам болсон.
-Одоо ам.долларын ханш 1700 хүрээд байна. Энэ нь танай үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Зуун хувь дотоодын түүхий эд материал, ажиллах хүчээ ашиглаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохоор бидний хувьд нөхцөл байдал таатай байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байраа нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хэмжээгээ тэлж хэрэглэгчиддээ эх орны хөрсөн дээр үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа.