Түүхэн дэх гайхалтай сод авьяатнууд

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Түүхэн дэх гайхалтай сод авьяатнууд

Түүхэн дэх гайхалтай найман сод авьяатнуудныг танилцуулж байна. Ердийн хүүхэд гадаа тоглоод гүйж явахад тэдний үеийн сод авъяастнууд найрал хөгжим зохиож, нарийн мэс засал хийж, Нобелийн шагналд хүртэл нэр нь дэвшээд байх жишээтэй. Ийм сод авьяастангуудаас танилцуулья.

8. Акрит Йасуал (Akrit Jaswal)

Энэтхэг хүү дэлхийн хамгийн залуу эмч болсон түүхтэй. Таван настайдаа анатомийг сайтар ойлгосон, Шекспирийг уншсан гэхэд дэндүү балчир байжээ. Долоон настайдаа анхны мэс заслаа хийжээ! Орон нутгийн эмнэлэгийн эмч нар хүүг анатоми сонирхож байгааг мэдээд мэс засалдаа авч орон үзүүлжээ. Акрит боломжтой бүхнийг уншаад мөн өөрийн тайлбараар мэс заслыг сайн мэдэж буйгаа эмч нарт итгүүлж чаджээ. Түүнийг долоон настай байхад нэгэн ядуу айл охиндоо мэс засал хийж өгөхийг гуйлаа. Тэд жинхэнэ эмч нарт төлөх мөнгөгүй байсан аж. Мэс засал амжилттай болжээ.

Тэрээр өөрийн нутаг нэгтнүүд дотроо IQ-гийн (146 пункт) хамгийн өндөр түвшинтэй. Одоо өсвөрийн насны Акрит анагаахын сургуулийн хамгийн залуу оюутан бөгөөд хорт хавдрын эсрэг эм хайн судалгаа хийж байна.

7. Пабло Пикассо (Pablo Picasso)


Пабло ярихаасаа өмнө зурж эхэлжээ. Домгоор бол тэр эцгээсээ бийр өгөхийг дохиогоор гуйж гартаа барьсан гэдэг.

Харин сургуулийн бусад хичээлээр тэр тааруу суралцсан ба үржүүлэхийн хүрдийг огт цээжилж чадаагүй гэнэ. Пикассо 12 насандаа сайн зураач гэж тооцогдох болов. Урлагийн сургуулийн шалгалтыг тэрээр нэг өдрийн дотор л амжилттайгаар өгсөн байна. 16 насандаа анхны үзэсгэлэнгээ гаргав. Хорин насандаа дэлхийд нэртэй зураач болжээ.

6. Говард Филлипс Лавкрафт (Howard Phillips Lovecraft)

Ид шидийн уран зохиолын элэнц эцэг, Ктулхугийн тухай түүхийг бичигч Лавкрафт хоёр настайдаа уншиж сураад зургаан настайдаа жинхэнэ ээдрээтэй яруу найраг бичиж эхэлжээ. Жожиг, гажигтай ч гэмээр хүүхэд аймшгийн амьтнаар дүүрсэн өөрийн ертөнцийг бүтээх ажлаа нялх балчираасаа хийж эхэлсэн гэдэг.

Зүүдэндээ үзсэн аймшгаа цаасан дээр уран сайхнаар буулгадаг хүүхэд байжээ. Гэр бүлийн орчин нь энд нөлөөлсөн байх талтай. Говардыг гурван настай байхад эцгийг нь тэмбүүний улмаас сэтгэцийн эдгэшгүй гажигтай болсон гээд галзуугийн эмнэлэгт эмчилж байжээ. Энэ бүгдэд дарагдаж туйлдсан эх нь гэх эцэнхий, үхэл мэт цагаан цонхигор эмэгтэй амьдралаа бас л мэдрэлийн эмнэлэгт төгсгөсөн юм. Залуудаа Лавкрафт боломжийн гэх бүхий л өвчнөөр өвчлөн хэвтэрт байхдаа өөрийн хэт хөөрөлтэй өвөө Уипплийн аймшгийн үлгэрийг сонсож иржээ. Өвөө нь хотдоо хамгийн их номтой номын сантай байж.  Говард хар багаасаа зөвхөн уран зохиол ч биш одон орон, түүх, химийг ухаангүй сонирхсон нэгэн байлаа.

5. Вольфганг Амадей Моцарт (Wolfgang Theophilus Mozart)


Моцарт бүх он цагийн  агуу хөгжмийн зохиолчоос гадна дэлхийн түүхэнд хамгийн ихээр алдаршсан вундеркинд юм.

Тэрээр дөрвөн настайдаа төгөлдөр хуур дээр маш чадварлаг тоглодог байлаа. Таван настайдаа өөрийн анхны хөгжмийн зохиолуудаа бичиж эхэлжээ. Найман настайдаа тэрээр анхны бүрэн хэмжээний яруу тунгалаг найрал хөгжмөө бүтээсэн түүхтэй.

4. Окита Сожи (Okita Soji)


Энэ Япон сод авъястан дээр өгүүлэгдсэнээс өөр төрлийнх. Тэрээр XIX зуунд амьдарч оюуны гайхамшигтай чадвараар онцлогдоогүй нэгэн байв. Гэтэл түүнийг хэн ч ялж чадаагүй юм.

Дөнгөж есөн насандаа тэрээр тулааны сэлэм жадыг (бокено, катано, синай) төгс эзэмшжээ. 12 насандаа сэлмийн нэртэй мастерийг амархан дийлсэн банйа. Тулааны урлагийн мастер гэж Окита 18 насандаа албан ёсоор нэрлэгдэв. Өнөө хүртэл алдар нэр нь япончуудын дунд домог болсон Синсэнгуми гэх цэрэгжсэн цагдаагийн албыг зохион байгуулсан хүний нэг нь Окита байлаа.

3. Ким Унг Йонг (Kim Ung-yong)


Гиннесийн дээд амжилтын номоор бол Ким Унг Йонг гэх солонгос залуу өнөөдөр дэлхийн хамгийн өндөр төвшний IQ — 210 пунктын эзэн болж байна! Ким гурван настайдаа Их сургуулийн физикийн факультетийн оюутан болоод зургаатайдаа амжилттай төгссөн байна.

Долдугаар ангийн ердийн нэг сурагчийн насан дээр түүнийг АНУ-ын NASA агентлагт ажиллахыг урьжээ. Тэрээр 15 насандаа докторын зэрэгтэй, сайхан ирээдүйтэй байлаа. Гэтэл Ким нас бие гүйцээд Солонгосдоо эргэн ирэхээр шийдсэн бөгөөд одоо хөдөө орон нутгийн ердийн нэг их сургуульд багшаар ажиллаж байна.

2. Грегори Смит (Gregory Smyth)


Грегори Смит Америкт 1990 онд төржээ. Хоёр настайдаа уншиж сураад 10 настайдаа их сургуулийн эхний курсийн оюутан болсон байна. Солонгос суутантай харьцуулахад Грегорийн ололт даруухан гэмээр. Яагаад тэр энэ сод авъяастаны жагсаалтад багтав?

Судалгаанд хэт авъяастай хүүхдүүд нэг л гажууд байдгийг харуулсан. Тэд хэтэрхий зожиг эсвэл хэтэрхий нийгэмч нөхдүүд. Тэрээр ”дэлхийн хүүхдүүдийн харилцан ойлголцлын төлөө” гэсэн нэгэн хөдөлгөөнийг санаачилж, Михаил Горбачев, Билл Клинтон нартай уулзан ярилцаж, НҮБ-ын индрээс үгээ хэлсэн түүхтэй.  Түүнийг алдаршиж байхад дөрвөн ч удаа Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлжээ.

1. Уильям Жеймс Сайдис (William James Sidis)


Уильям Сайдисийг зарим хүмүүс дэлхийд амьдрагч нарын дундаас хамгийн ухаантай нь гэж нэрлэдэг. Түүний IQ төвшин нь хамгийн даруу тооцоогоор 250-300 пунктын хэлбэлзэлтэй. Ердийн хүний үзүүлэлт 85 – 115 пункт байдаг билээ.

АНУ-д 1898 онд төрсөн, орос цагаачдын хүү Сайдис нэг хагастайдаа ном уншиж сурчээ. Найман насандаа тэр дөрвөн ном бичсэн, долоон гадаад хэл: латынь, грек, орос, иврит, франц, германыг сурчихсан байлаа. Харин Vendergood гэх долоо дахь хэлийг нь тэрээр өөрөө зохиожээ. Долоон настайдаа Харвардад анагаахын чиглэлээр шалгалт өгсөн байна. Наснаас нь болоод түүнийг сургууль аваагүй. Харин 11 настайд нь Харвардын оюутан болжээ. Олон шинжлэх ухаанаар гайхамшигтай ажил бүтээсэн ч тэрээр нас бие гүйцээд цэвэр онгоноороо үлдэнэ, эсрэг хүйстэнтэйгээ учрахгүй гэж мэдэгдсэн нь эцэг эхэд нь хүртэл гажигтай гэх сэжиг төрүүлсэн гэдэг. Уильям Сайди хэлснээрээ л амьдралаа дуусгасан юм. Тэрээр өөрийн сод авъяасаа байгаа орчноосоо нуун хотоос хотод шилжин ажлаа сольсоор насыг барьжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж