Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Барак Обама ба Сири

ОХУ-ын Санкт-Петербург хотноо хоёр өдөр үргэлжилсэн “Их 20”-н орны чуулга уулзалт өчигдөр өндөрлөлөө. “Их 20” орны чуулга уулзалтын гол асуудал нь дэлхийн эдийн засгийн өнөө болон хэтийн байдлыг авч хэлэлцэх байсан ч сүүлийн үед олон улсын санааг зовоож буй Сири улсын асуудал чухлаар тавигдсан юм. “Их 20”-н орны чуулга уулзалтыг даргалагч ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс Сирийн асуудлыг эхний өдрийн оройн зоогон дээр авч хэлэлцэхээр товлож, талууд санал бодлоо солилцсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид цохилт өгөх асуудлыг оройн зоогны “амттай хачир” болгож, их гүрнүүдийг өөртэйгөө гар барихыг ятгасан ч амжилтанд хүрсэнгүй. Чуулга уулзалтын дараа хийсэн мэдэгдлээр бол АНУ Сирид цохилт өгөх асуудлыг Австрали, Канад, Франц, Итали, Япон, Өмнөд Солонгос, Саудын Араб, Испани, Турк, Их Британи улсууд дэмжиж, Башар аль-Ассадаас химийн хорт бодис бүхий халдлагын хариуцлагыг нэхэх нь зүйтэй гэж үзжээ. Харин ОХУ, Хятад тэргүүтэй бусад орны хувьд Сирид цохилт өгснөөр бүс нутагт үүсээд буй түгшүүртэй нөхцөл байдлыг улам хурцатгана гэсэн үзэл бодлоосоо гажсангүй.

Түүнчлэн Барак Обама АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг задруулсан Эдвард Сноуденд ОХУ-д түр орогнол олгосон хэргээс шалтгаалан Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахгүй гэж байсан ч Сирийн асуудлаас үүдэн “Их 20”-н чуулга уулзалтын үеэр Путинтай ганцаарчлан уулзжээ. Гэвч тэрээр Путинг Сирийн эсрэг ятгаж дөнгөөгүй учир уулзалт амжилтгүй болсон аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Их 20”-ын чуулга уулзалтын үеэр Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан НҮБ-аас гадуур Сирид цохилт өгч, хүч хэрэглэх нь хууль бус гэдгийг хатуу сануусан юм.

Харин “Их 20”-ын чуулга уулзалтаас дэмжлэг авч чадаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даруй эх орондоо буцаж, ирэх долоо хоногт болох Конгрессийн хуралдаанд бэлтгэх ажилдаа орсон аж. Барак Обамагийн Сирид өгөхөөр бэлтгэж буй “ухамсрын цохилт” гэж нэрлэгдсэн хязгаарлагдмал цэргийн ажиллагаа биелэлээ олох эсэх нь одоо Нэгдсэн улсын Конгрессоос шалтгаалах болоод байна. АНУ-ын Конгресс зуны завсарлагаа дуусгаад ирэх даваа гаригт хийх анхны хуралдаанаараа Сирийн асуудлыг авч хэлэлцэх аж. Түүнчлэн Обама Сирид цохилт өгөх асуудлаар Нэгдсэн улсын иргэдийн дунд санал асуулга явуулахаар төлөвлөжээ. Албан бусаар хийсэн судалгаанаас үзвэл Нэгдсэн улсын иргэдийн санал АНУ Сирид цохилт өгөх асуудалд тэнцүү хуваагдаад байгаа аж.

Хэдийгээр Обамагийн Сирид цохилт өгөх оролдлого бүтэл муутай байгаа ч Ойрхи-Дорнодод хэдийнэ түгшүүртэй байдал үүсчээ. АНУ-ын Батлан хамгаалахын албаныхны зүгээс Сирид цохилт өгөх бэлтгэлийг хангаж, армийн зэвсэг техник, усан онгоцнуудаа Газар дундын тэнгист байршуулсан. Мөн Арабын зарим орнууд АНУ-ыг Сирид цохилт өгөх болвол санхүүгийн тусламж үзүүлэх санал тавиад байгаа юм. Харин ОХУ-ын хувьд АНУ Сирид довтолсон нөхцөлд Башар аль-Ассадын талд дэмжлэг үзүүлэхээр “Москва” пуужин тээгч хөлөг тэргүүтэй тэнгисийн цэргийн 10 хөлөг онгоц болон нэлээд тооны шумбагч онгоцыг Газар дундын тэнгист оруулаад байна. Газар дундын тэнгист байршуулаад буй ОХУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцны хоёр нь Номхон далайн, өөр хоёр нь Балтын тэнгисийн, гурав нь Хар тэнгисийн армид хамаардаг аж.

Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирид цохилт өгөх ажиллагаанд дэмжлэг олох зорилгоор Европт дөрвөн өдрийн айлчлал эхлүүлжээ. Тэрээр өнөөдөр Европын орны Гадаад хэргийн сайд нартай Литва улсад уулзаж байгаа ба дараа нь Францын Парис хотноо Арабын холбооны төлөөлөгчидтэй уулзах аж. Жон Керри өмнө нь Сенатын танхимын хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Сирид олон төрлийн их хэмжээний хүнийг үй олноор нь хөнөөх зэвсэг байгаа. Үүн дунд заримаас хэд дахин хүчтэй биологийн зэвсэг хүртэл бий” гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Батлан хамгаалахын тэргүүн Жак Хэйгель ч байдлыг зүгээр хараад суулгүй Их Британийн талтай Сирид хийх АНУ-ын цэргийн ажиллагааны талаар зөвшилцөхөөр зэхжээ.

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн Нарийн бичгийн дарга Жон Керри, Пентагоны тэргүүн Жак Хэйгель нар Сирид цохилт өгөх асуудлыг уйгагүй хөөцөлдөж буйгаас үзвэл удахгүй Ойрхи-Дорнод гэх “дарьтай торх”-нд гал авалцах бололтой.

Харин Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын зүгээс АНУ-ыг дайрсан нөхцөлд зүгээр хараад суухгүй гэдгээ мэдэгдсэн ба юун түрүүнд Израйлийг хөлдөө чирэхээ анхааруулсан юм. Башар аль-Ассад өнгөрсөн наймдугаар сарын 21-нд Дамаск хотын ойролцоо болсон химийн хорт бодис бүхий халдлагыг босогчид үйлдсэн хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа аж. Гэвч АНУ тэргүүтэй Барууны орнуудын хувьд түүний хэлсэн үгс нэг чихээр ороод нөгөөхөөр нь гарахтай ижил байгаа юм.

Үнэндээ Сирид химийн зэвсэг хэн хэрэглэсэн нь тодорхойгүй юм. НҮБ-ын шинжээчид ч энэ талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байгаа аж. Харин АНУ бол Сирид өнгөрсөн сард хорт хийн халдлага гарсны дараахнаас л Башар аль-Ассадын Засгийн газар иргэдийнхээ эсрэг хорт бодис хэрэглэсэн хэмээн мэдэгдэж, баталгаа бий гэж “цээжээ дэлдсээр” ирсэн юм. Түүнчлэн Барууны хэвлэлүүд Сирийн нөхцөл байдлыг Башар аль-Ассадын эсрэг чиглүүлэн, нэг талыг барьсан мэдээлэл цацсаар байна.

АНУ-ын зүгээс ийнхүү Сири рүү хүчтэй дайрах болсон нь Сирийн газар зүйн байрлалаас болсон гэж үзэх нь цөөнгүй. Европыг Азитай холбосон худалдаа наймааны гол чиглэлд Сири оршиж байгаа боловч Ерөнхийлөгч Башар аль-Ассад АНУ-д нүүр өгөхгүй байгаа гэх. Түүнчлэн АНУ-ыг Афганистанд удаан хугацаанд дайн хийхэд хүргэсэн террорист аль-Каида бүлэглэл ч Сирийн босогчидтой нэгдсэн гэх бөгөөд АНУ-ын зүгээс Сирийн Ерөнхийлөгчийн эсрэг заналт дайсан аль-Каидатай “гар барихад” ч бэлэн байгаа аж.

Дэлхий дахины энх тайвныг эрхэмлэгч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Сирид цохилт хийх шийдвэрээс болж, сүүлийн өдрүүдэд олон улс Ойрхи-Дорнодод дайн үүсч магадгүй хэмээн түгшин ажиж байна. Эцэст нь Барак Обама санасандаа хүрч, Сирид цохилт өгч чадах болов уу?

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж