Серена, Азаренка нар шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Серена, Азаренка нар шигшээд шалгарлаа

Өнгөрөгч наймдугаар сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотын Артур Эшийн кортод нээлтээ хийсэн "Америкийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд АНУ-ын Серена Уильямс, Беларусын Виктория Азаренка нар шалгарлаа.

133 дахь удаагийн "Америкийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтод өнгөрсөн жилийн финалд шалгарсан теннисчид дахин тунаж үлдлээ. 132 дахь удаагийн "US OPEN" тэмцээний шигшээд дээрх теннисчид шалгарсан ч 6:2, 2:6, 7:5-ийн харьцаагаар Серена ялалт байгуулжээ.

Хагас шигшээд дэлхийн манлай теннисчин Серена Уильямс БНХАУ-ын Ли На-г 6:0, 6:3-ийн харьцаагаар буулган авсан. 2011 оны "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлж, "Их дуулга" тэмцээнд анх удаа Хятад хүн түрүүлсэн түүхийг бичсэн Ли На тус тэмцээнд тавд эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд "Америкийн нээлттэй тэмцээн"-ий оргил амжилтаа үзүүллээ. На Ли 2009 онд тус тэмцээний наймны шигшээд шалгарсаныг эс тооцвол төдийлөн амжилттай тоглож байгаагүй аж. На Ли энэ оны эхний "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ний шигшээд шалгарсан ч Азаренкад ялагдсан.

Харин нөгөө хэсгээс энэ жилийн "Австралийн нээлттэй тэмцээн"-ий аварга Беларусын Виктория Азаренка, Италийн Флавия Пеннетта нар шалгарсанаас 6:4, 6:2-ийн харьцаагаар Азаренка ялалт байгууллаа. Италийн Флавия Пеннетта WTA 83-д бичигдэж байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт дөрөвт эрэмбэтэй Сара Эррина, гуравдугаар тойрогт ОХУ-ын Светлана Кузнецова нарын шилдгүүдийг буулган авсан. Мөн наймны шигшээд нутагт нэгт Роберта Винчиг 6:4, 6:1-ийн харьцаагаар хожиж, ялалт байгуулснаар хагас шигшээд дэлхийн манлай теннисчний эсрэг гарч ирсэн. Флавия Пеннетта "Америкийн нээлттэй тэмцээн"-нд гурван удаа (2008, 09, 11) шөвгийн наймд шалгарсанаас энэ жил хагас шигшээд шалгарч, "Их дуулга"-ын оргил амжилтаа үзүүллээ. Түүний хувьд ганцаарчилсан төрлөөс гадна хосын төрөлд амжилттай тоглодог ба 2005 онд тус тэмцээний дэд аварга, 2011 онд "Австралийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлж байжээ.


Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт өнөө шөнө болох бөгөөд Испаний Рафаэль Надаль (2) vs Францын Ришар Гаске (8), Швейцарийн Станислас Вавринка (9) vs Cербийн Новак Жокович (1) нар шалгараад байна.

Испаний Рафаэль Надаль "Их дуулга"-ын 12 түрүү хүртсэнээс 2010 онд "US OPEN"-нд түрүүлж, 2011 онд дэд аваргаар шалгарч байжээ.

Өдгөө дэлхийн манлай теннисчин хэргэмийг эзэмшиж буй Сербийн Новак Жокович "Их дуулга"-ын зургаан түрүү хүртээд байгаагаас 2011 онд "US OPEN"-нд түрүүлжээ. Дэлхийн тэргүүн теннисчиний хувьд өнгөрсөн жил шигшээд шалгарахдаа Их Британы Энди Маррейд ялагдаж байсан байна. Харин Жокович энэ жил "Австралийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлж, "Уимблдон"-ы шигшээд шалгараад байгаа.

Швейцарийн Станислас Вавринка хагас шигшээд шалгарснаар "Их дуулга"-ын оргил амжилтаа үзүүлж байгаагаас гадна Жоковичтай дахин тунаж байна. Энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий дөрөвдүгээр тойрогт тэрбээр Жоковичид ялагдсан. Энэхүү тоглолт дөрвөн цаг үргэлжилж, тавдугаар үед (1:6, 7:5, 6:4, 7:6, 12:10 ) ялагч тодорч байсан.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж