5000 айлын орон сууц барихад Туркээс дэмжлэг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

5000 айлын орон сууц барихад Туркээс дэмжлэг хүсчээ

Барилга, хот  байгуулалтын сайд Ц.Баярсайхан Бүгд найрамдах  Турк  улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын хүрээнд сайдыг тус улсын Ерөнхийлөгч Абдулла Гүл Истанбулын Тарабя дахь ордондоо хүлээн авч уулзжээ. Сайд Ц.Баярсайхан Монгол, Туркийн харилцаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг дурьдаад, тус улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны өнгөрсөн хавар Монголд хийсэн албан ёсны айлчлал уг харилцааг цаашид эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Уг айлчлалын мөрөөр хийх ажлын хүрээнд хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг өргөтгөх, шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн талтай хамтран ажиллах, гэр хорооллын дахин төлөвлөлт, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлыг сайд уулзалтынхаа үеэр хөндөж ярьжээ. Ялангуяа Туркийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5000 айлын орон сууц барих ажлыг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүссэн тухай албаныхан мэдээллээ. Ерөнхийлөгч А.Гүл Турк, Монголын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа дурдаад, сайдын тавьсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн Монголд шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлыг улам өрнүүлж, эрчимжүүлэхийн тулд Туркийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах ажээ.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын Сайд Ц.Баярсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн нар Туркийн “Экзим” банкны удирдлагатай уулзаж, Улаанбаатар хотод орон сууцны хороолол барихад зориулж, Туркийн Засгийн газраас олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярилцсан байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж