Долларыг номхотгохоор гал тахисан ч бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Долларыг номхотгохоор гал тахисан ч бүтэлгүйтэв

Долларыг номхотгохын тулд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хөдөөг зорьж гал тахисан гэнэ. Ийм яриа Төрийн ордноор “Түүдэг гал” мэт дүрэлзэн улстөрчдийн элгийг хөшөөж байна. Уг нь ч яах вэ дээ, арга нь барагдаад л сайд гал тахихаар ажил явдал болсон байлгүй. Хамгийн хорлонтой нь, өдий төдий ажил болж гал тахиж цамнасан атал сайдыг Улаанбаатар хотод ирсэн даруйд нь ам.долларын ханш 1700-гаас давж, сэтгэлээр унагасан гэнэ. Одоо сайд Н.Батбаяр сэтгэл их гундуу яваа гэнэ лээ. Онгод маань ирсэн л юмсан, яагаад бүтэлгүйтэв гээд их л зүйлийг эргэцүүлж байгаа бололтой. Арга ч үгүй юм даа, ам.долларын ханш өсөх бүрийд “Чингис бонд”-ын хүүгийн өр улам зузаарч байгаа хойно, хоолой руу нь хоол ч давахаа байгаа байлгүй.  Өнгөрсөн хугацаанд сайд “Чингис бонд”-оор их бахархаж, “Би гал тахиж байгаад олон улсын хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгоод ирсэн шүү” гэж аархдаг байсан юм шүү дээ. Одоо тэгтэл ам.долларын өсөлтөөс болж Монгол Улс даяараа хүүнд нь “шатаж” давхар чадуулж байгаа хойно. Харин Монголбанк болоод УИХ-ын дарга гэх мэт цөөн тооныхон л ам.долларын өсөлтөд сэтгэл үл зовниж байх шиг. Тэдний үзэж буйгаар ам.доллар өсөх нь үндэсний үйлдвэрлэгчид хийгээд экспортод их эерэг нөлөө үзүүлдэг юм байх аа. Экспорт нь үндсэндээ хаагдчихсан байхад ямар юмных нь экспорт байх вэ дээ, уг нь бол. Уул уурхайгаас хамааралтай Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиас болж, үндсэндээ уул уурхайн салбар гацаанд орчихсон. Дээр нь “Рио Тинто” гэх аварга хөрөнгө оруулагч Монголын эдийн засаг хүндэрч байгааг далимдуулж Оюутолгойд оруулах хөрөнгө оруулалт дээрээ луу унжсаар байна. Харин манай дарга нар амьдралаас тасархай юм яриад сууж байх. Үүнийг нь яаж иргэд тэсэх вэ дээ, захаасаа тэсэрч салаав үзүүлэх зэргээр эсэргүүцэл үзүүллээ. Жишээ нь, эмч Б.Болдсайхан, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нар УИХ, Засгийн газрын гишүүдийг ажлаа хийхийг сануулж өнөөдөр Төрийн ордны баруун, зүүн жигүүрт очиж салаавч гаргасан. Харин тэднийг жиргээчид “Таван салаавч” хамтлагийнхан гэж нэрлэсэн байна лээ.

Г.ДАРЬ
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж