
Эхний дугаараа уншигчдад хүргэснээсээ хойш “Өнөөдөр” сонин 17 жилийг ардаа үдэж, энэ өдөр 5000 дахь дугаараа хэрэглэгчдийнхээ гарт хүргэлээ. Энэ бол зөвхөн тус сонины, эсвэл сэтгүүл зүйн амжилт биш хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн дуу хоолой, нэг үгээр ардчиллын амжилт хаана хүрээд байгааг илтгэх тэмдэглэлт өдөр юм. Яагаад гэвэл хэвлэл, мэдээллийн эрх чөлөө бол эцэстээ иргэдийн эрх чөлөө билээ. Ийм хариуцлагатай салбарт “Өнөөдөр” сонин тэнцвэртэй, тууштай, тулхтай багана нь болж, үйл явдал, асуудлыг эх орны ирээдүй, иргэдийн эрх ашигт нийцэх өнцгөөс нь олж мэдээлж, хариуцлагатай байр сууринаас илэрхийлж ирсэн ёс зүй, итгэл үнэмшил нь харин тус сонины хамт олны амжилт юм.
Сэтгүүлчийн хөдөлмөрийг Ц.Балдорж эрхлэгч маань уурхайн гүнд малтлага хийхтэй жишиж, амаргүй ажил гэж хэлдэг байлаа. Таван мянган шинэ дугаар үйлдвэрлэх гэдэг цаст уулын таван мянган метрийн өндөрт хөл тавих, эсвэл далайн мандалд таван мянган бээр завиар аялахтай зүйрлэж болом хүнд, бас ур ухаан шаардсан их хөдөлмөр гэж бодном. Тэр аялалд хөлгийн ахмад, хөтөч нь байсан Ц.Балдорж эрхлэгч өдгөө тэнгэрт гялалзах Алтан гадас болж, энэ салбарын хөгжилд зүгийг заагч хэвээр байсаар байна.
“Өнөөдөр” сонинтой хамт өглөө бүрийг угтаж ирсэн нийт уншигчид, энэ сонинд ажиллаж байсан, байгаа үе үеийн сэтгүүлч ах эгч, найз нөхөд, хамтрагч, өрсөлдөгч та бүхэндээ 5000 дахь дугаарын баярын мэндийг “News” агентлагийн хамт олноос өргөн дэвшүүлж, өндрөөс өндөр амжилтыг хүсч байна.