Үндэсний үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдээд байна

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдээд байна

Ам.долларын ханшийн чангарал, төгрөгийн ханшийн сулрал буюу одоо манай зах зээлд үүсээд буй нөхцөл нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байраа хадгалах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх таатай боломж юм. Бид хэдий болтол Эрээний эдийн засаг, үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм бэ. 20 жил өнгөрчээ…. Одоо хангалттай. Яг энэ цаг мөчөөс эхлэн улсаа, бодит сектороо л хөгжүүлье. Төгрөгийн ханшийн сулрал эдийн засагт ямар давуу тал авчирдаг талаар зарим эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. Чухам манай орны эдийн засаг дунд болон урт хугацаандаа хаачих гээд байгааг, хаана хүрэх ёстойг цөөн үгээр тэд ийн хэллээ.

Дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлье

УИХ-ын дарга З.Энхболд

Ханшийг тогтоохын тулд Монголбанкнаас түр зуур интервенц хийж аргацаадаг арга бий. Гэхдээ ингэх нь утга учир муутай гэж үзэж байгаа. Улсынхөө нөөцөд байгаа хоёр  тэрбум ам.долларыг гөвөөд л дуусна. Түүний оронд энэ үеийг боломж гэж харах хэрэгтэй. Хорин жил дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлье гэж уриалаад бүтэхгүй байна. Өөрсдийнхөө хийж чадах юмыг хүртэл гадаадаас зөөгөөд байна. Хамгийн энгийн жишээ гэхэд рапс. Бид ургуулсан рапсаа урагшаа зөөж, буцаагаад ургамлын тос худалдаж авдаг. Учир нь  Эрээнээс очиж ургамлын тос авах нь хямдхан байна. Харин долларын ханш өсөхөөр Эрээний ургамлын тос үнэтэй болж байгаа юм. Дотооддоо нөгөө рапсаа шахаж бяцалж тос болгоод зарах нь ашигтай болж эхэлнэ. Мэдээж бүх бараагаа энэ мэтээр орлуулж чадахгүй л дээ. Жишээ нь манайд банан ургахгүй. Тэгэхээр хийж чаддаг ургамлын тосоо хийх нь долларын ханш өссөний сайн тал.

Төгрөгийн ханш сулрах нь муу мэдээ биш

Б.Алтанцэцэг /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, дэд профессор/

-Төгрөгийн ханш сулрснаар манай гадагш худалдаалж буй бараа бүтээгдэхүүний үнийн өрсөлдөх чадвар болоод экспортын орлогод мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарна. Дунд болон урт хугацаандаа дотоодын үйлдвэрлэл хөгжих, зах зээл нь тэлэх боломжийг төгрөг суларснаар олгож байгаа юм. Бусад орны бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад манай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирна гэсэн үг. Түүнчлэн энэ уналт нь экспортын орлого болон дотоодын үйлдвэрлэлд сайн нөлөөтэй. Харин импортын хувьд тааруу үзэгдэл гэдгийг хэлье. Гэхдээ дээрх үзэгдэл удаан хугацаанд үргэлжлэхгүй болов уу. Зах зээл өөрийгөө тэнцвэржүүлж байдаг. Тухайлбал, төгрөгийн ханш суларснаар экспортын орлого нэмэгдэхийн сацуу түүнийг дагаад ам.долларын нийлүүлэлт ч өсч байдаг.

Боловсруулах үйлдвэрийн салбарт таатай нөхцөл бүрдэж байна

Г.Рагчаасүрэн /ИБУУИНВУ-ын Велфаст хотын Хатан хааны их сургуулийн багш, профессор/

-Аж үйлдвэр, ноос, ноолуур зэрэг дотоодын салбарт төгрөгийн ханш суларснаар эерэг нөхцөл бүрдэж байна. Төгрөгийн ханш сулрах нь экспортод чиглэсэн болон импортыг орлох салбарт сайн мэдээ. Боломж нэмэгдэж байгаа хэрэг. Энэ байдал нь боловсруулах үйлдвэрийн салбарт таатай нөхцөл бүрдүүлж байна. Мөн аялал жуулчлалын салбарт ч эерэг хандлага дагуулна.Тухайн жуулчин ханш өндөр байгаа нөхцөлд ам.доллараа төгрөгт шилжүүлэхээр их төгрөгтэй болно гэсэн үг. Энэ тохиолдолд жуулчны хувьд Монголын аялал жуулчлал илүү хямдхан санагдах нь мэдээж. Тиймээс аялал жуулчлалын салбар сэргэхэд нааштай нөлөө үзүүлнэ.

Экспортын нэмэгдэх тал бий 

Л.Бямбаа /Эдийн засагч/

-Валютын ханшийн өсөлтөд гаднын хөрөнгө оруулалт болон экспортын бүтээгдэхүүний үнэ нөлөөлсөн. Түүнээс Монголбанкнаас бэлэн мөнгө нийлүүлсэн нь ханш савлах суурь шалтгаан биш. Нөлөөлөл нь харьцангуй бага гэж хэлж болно. Угаас эдийн засагт ам.долларын хомсдол үүссэн байсан. Түүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд төгрөгийн эсрэг ам.доллар чангарсан. Мөн Чингис бондын хөрөнгийг төгрөг хэлбэрээр зах зээлд нийлүүлж байгаа нь дээрх хомсдолд хөшүүрэг болсныг үгүйсгэх аргагүй юм. Төгрөгийн ханш суларч байгаа нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болох ч экспортын бараа бүтээгдэхүүнд таатай үзэгдэл мөн. Хэдий төгрөг суларч байгаа ч манайхаас гарч буй бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт эерэг байдлаар нөлөө үзүүлнэ. Тухайлбал, экспортын орлого нэмэгдэх тал бий.

 Урт хугацаандаа үйлдвэрлэл сэргэнэ

Ч.Наранчимэг /СЭЗДС-ийн Хэрэглээний математик, Статистикийн тэнхимийн эрхлэгч/

-Төгрөгийн ханш суларсан нь дотоодын үйлдвэрлэлд нэг талаасаа урт хугацаандаа сэргэх боломжийг олгож байгаа. Үүнийг дотоодын үйлдвэрлэгчид мэдэрч ажиллах хэрэгтэй. Бидний нэг сул тал бий. Энэ нь импортын бараанд хэт найдсан хандлага. Үүнийгээ алгуур өөрчилж, дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж занших хэрэгтэй. Хандлага нь зөв байвал ирээдүйд эдийн засгаа дэмжих томоохон хөрөнгө оруулалт болно. Уул уурхайг дан ганц шүтэхгүйгээр дотоодынхоо импортын хэрэгцээний тодорхой хувийг хангахуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зүй ёсны шаардлага. Үүнийг цаг үе, зах зээл ч шаардаж байгаа. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэн тэргүүний анхаарал хандуулах асуудал. Эдийн засгаа дархлаатай болгохын тулд дунд болон урт хугацаандаа үйлдвэржилтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь оновчтой. Дотоодынхоо хэрэглээг дэмжих замаар үндэсний үйлдвэрлэлээ өөд татах цаг болсон. Энэ тохиолдолд эдийн засаг сэргэх магадлал өндөр. Дээр хэлсэнчлэн төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарсан нөхцөлд үндэсний үйлдвэрлэгч, жижиг бизнес эрхлэгчид нөхцөл байдалдаа зөв дүн шинжилгээ хийгээд, борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэхдээ шалтгаангүйгээр үнэ нэмэх сэтгэлгээний гажуудлаас гарах ёстой.

Импортын хэрэглээгээ багасгах нь оновчтой

А.Жаргалсайхан /Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн захирал/

-Төгрөгийн ханш суларсан нь импортын барааны өртгийг нэмдэг бол экспортыг урамшуулдаг талтай. Төгрөгийн ханш суларсан нь нэг зоосны хоёр тал юм. Ханш суларч байгаа тохиолдолд манайхаас гарч буй бүтээгдэхүүний үнийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Экспорт хийж буй газарт мэдээж ашигтай. Импортын хувьд төгрөгийн ханш унаад байвал алдагдал хүлээх талтай. Өөрсдөө үйлдвэрлэж, бүтээж, дотоодынхоо багагүй хэрэгцээг хангаж байж сая бид ханшийн хамаарлаас бүрэн сална. Өнөөдрийн төгрөгийн ханш суларч байгаа нь нэг талаасаа эерэг зүйл юм. Бүтээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэхийн тулд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Цаашилбал, импортын хэрэглээгээ багасгах нь оновчтой. Энэ бол нэг жилийн дотор хийх ажил биш л дээ. Дунд болон урт хугацаандаа Монгол Улс импортын хараат байдлаас ангижрах бодлогын дөнгөж эхлэл .

Б.БАЯРТОГТОХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж