НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Төв Ази болон Европын орнуудад хилийн боомтын удирдлага, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, олон жилийн туршлага хуримтлуулсан. Тиймээс энэ асуудлаар Монгол Улстай хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ Филип Пирс уулзалтын эхэнд мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг энэхүү ажлын уулзалт нь цаг үеэ олсон болохыг дурдаад, хилийн боомтыг хөгжүүлэх, дэд бүтэц, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх асуудал өнөөдөр тулгамдаж байгааг онцлов. Ялангуяа хилийн боомтын нэгдмэл цогц удирдлагыг бий болгож хөгжүүлэх, бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлдэх, ажилтнуудыг удаан хугацааны давтан сургалтад хамруулах гэсэн гурван гол чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах нь чухал байгааг тэрээр хэллээ.
Ноён Пирс УИХ-ын гишүүн М.Батчимэгт хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд дээр дурдсан чиглэлүүдээр НҮБ-ын зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
Ийнхүү талууд урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, уулзалтын үеэр ярилцсан асуудлыг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан судлахаар тохирсноор уулзалт өндөрлөлөө.