Живх импортлогчдоос авах татварын хэмжээг нэмье

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Живх импортлогчдоос авах татварын хэмжээг нэмье

“…Субботниктоо гараарай, субботниктоо гараарай. Бүх нийтийн субботник болж байхад 17 дугаар байрны Балбар яагаад гарахгүй байна аа”.  Хэтэрхий гэмээр хэнхэгт тооцогдох  эрийн дүрийг И.Нямгаваа найруулагч сайн гаргаж өгсөн. Одоо ч нийгмийнхээ төлөө олон нийтийн арга хэмжээнд оролцохоос зайлсхийдэг “Балбар”-ууд олон болжээ.

Наяад оны Улаанбаатар Азийн цагаан дагина байсан нь тухайн үеийн гэрэл зураг, кино дэлгэцийн хальснаа “мөнхрөн” үлджээ. Харамсалтай нь, өнөөгийн Улаанбаатарт хог новшноос их юм алга. Ажилгүй, залхуу, арчаа муутай айлд ороод ирсэн юм шиг л гадныханд харагддаг байх.  Хот ч гэлтгүй хөдөө явах замд тааралдах элдвийн хог, гялгар уут, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл, нойтон салфетка гээд байгалийн хамгийн аймшигтай дайсан болоод байгаа энэ асуудлыг захиргааны болон татварын аргаар зохицуулахгүй бол үнэхээр үгээр хэлэхийн аргагүй нөхцөл байдалд хүрчээ. 

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр монголчуудын амьдралын хэв маяг, хэрэглээнд өөрчлөлт орсон. Өлгий давуу хэрэглээнээс “жийгдэж”, дөнгөж төрсөн нярайд живх өмсүүлээд хувцаслачихна.  Өхөөрдөм бяцхан үрсийн өдөр тутмын хэрэглээ болсон Huggies, Helen Harper, Mamy Poko, Libero, Pampers байхад л хангалттай. Гэтэл амьдралд хэрэгтэй ч байгаль экологид сөргийн сөрөг нөлөөтэй энэ бүтээгдэхүүнээр монгол маань дүүрчээ.

Ялангуяа хотоос гарахад, хөдөө хээр явахад замын хажуугаар, гуу жалга болгонд хэрэглээд хаясан хүүхдийн живх хөглөрч байна. Уян зөөлөн, биед эвтэйхэн, харшил өгөхгүй, өдрийн турш хүүхдийг хуурай байлгаж чадах хүүхдийн төрөл бүрийн живх хэдийгээр ээжүүдийг үүр цүүрээр өлгий даавуу гэх томоохон “зовлон”-гоос салгаж чадсан ч асар их хог хаягдал болон байгаль экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна.

Нойтон салфетка, хүүхдийн живх зэрэг бидний өдөр тутмын хэрэглээний эдгээр бүтээгдэхүүний байгальд шингэж, алга болох хугацаа 100 жилээр хэмжигдэнэ. Өнөөдөр бид таарсан газраа тэр хогийг хүссэн үедээ хаяж байна. Хөдөө замд байгаа тэр их хогийг хэн ч очиж цэвэрлэхгүй байна. Тэгэхээр ирээдүйд яана гэсэн үг вэ. Үр хүүхдэдээ бид ямар орчин, ямар байгаль үлдээх вэ?

Эцэг, эхчүүд живх худалдаж авахдаа юуг голчлон анхаардаг вэ. Мэдээж чанар, дараа нь үнэ, тэгээд бонус. Харин живхээ хаяхдаа юуг анхаардаг бол. Хүүхдийн живх дэлхийн хамгийн хортой, байгальд удаан задардаг бүтээгдэхүүний жагсаалтыг тэргүүлдэг гэдгийг мэддэг болов уу.

Монголд “Номин”, “Макс”, “Таванбогд”, "Анунгоо", "MSM" зэрэг томоохон компаниуд хүүхдийн живх импортлон, худалдаж байна. Жилээс жилд төрөлт нэмэгдэж, тэр хэрээр ч живхний хэрэглээ өсөн нэмэгдэж, энэ төрлийн бизнес Монголд хамгийн ашигтайд тооцогдож байгаа байх. Гэхдээ жилдээ хэдэн мянган живх худалдаанд гарч байгаа нь импортлогчдын хувийн нууцаар халхлагдаж, тэр хэмжээгээрээ байгаль экологид усташгүй хог болон үлдсээр байна.

Нэг хүүхэд хоёр нас хүртлээ 2000-8000 живх хэрэглэдэг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг аж. Үндэсний статистикийн газрын сайтад тавигдсан мэдээнд энэ оны эхний долоон сарын байдлаар 46 мянган хүүхэд төрсөн гэвэл жилдээ ойролцоогоор 184 саяас 400 сая живх хог хаягдал болж байна гэсэн үг.  Нэг живх 100 жилийн турш байгаль дээр усташгүй хог хэвээр үлддэг гэвэл хэдэн зуун сая живхнийхээ асуудлыг бид одоо яах вэ.

Энэ тохиолдолд хамгийн бодитой хэлбэр болох импортлогч компаниудад татварын болон захиргааны арга хэрэглэн, шийдвэрлэхгүй бол сая сая живхний хэрэглээнээс болж байгаль экологид ноцтой аюул нүүрлэж эхлээд байна.  Живхээ ил задгай хаясан эмнэлэг, цэцэрлэг, ээж аавуудад захиргааны торгууль ногдуулж, асуудлыг шийдвэрлэдэг болбол ямар вэ. Живх импортоор оруулж ирж байгаа “Макс”, "Таванбогд”, “Номин” тэргүүтний улсад төлөх татварыг нэмэгдүүлж, хог боловсруулах үйлдвэртэй болбол яасан юм бэ? Байгаль экологид хэдэн зуун жилээр устдаггүй “хог” импортолж байгаа нь үнэн л юм чинь “Онцгой албан татвар” авахад яагаад болохгүй гэж.  Тэрбум, тэрбум ам.долларын  ашиг олж байгаа импортлогчид Монголын нийгэмд байр сууриа эзэлсэн, хариуцлагатай компаниуд мөн л юм бол импортолсон бүтээгдэхүүнийхээ сөрөг үр дагаврыг эргээд хардаг, байгаль орчноо хайрладаг соёлтой болмоор байна.

Ж.НЯМСҮРЭН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж