Б.Амарсанаа: Хууль сайн боллоо гээд эдийн засаг сайжрахгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Б.Амарсанаа: Хууль сайн боллоо гээд эдийн засаг сайжрахгүй

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн дэд захирал, доктор (LL.D) Б.Амарсанаатай ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын хуулийг батлах гээд яаравчилж байна. Яарч байгаагийн шалтгааныг том эрх ашиг, захиалгатай холбоотой гэж хардах хүмүүс байна. Энэ хэр бодитой хардлага бол?

-Хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр буурсан нь харагдаж байгаа. Нөгөө талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй нь гарцаагүй. Тиймээс хөрөнгө оруулалтыг ямар бодлогыг агуулсан хуулиар хэрхэн татах вэ гэдэгт нийтлэг эрх ашиг явж байгаа болов уу гэж ойлгож байна. Түүнээс хэн нэгний эрх ашиг биш байлгүй дээ.

-Уг хуулиар том аж ахуйн нэгжүүд татвараас чөлөөлөгдөж, хөнгөлөлт эдлэх нь гэж яригдаад эхэллээ. Татварын багц хууль хэрэгжихээс өмнө томчуудын эрх ашгийг ийнхүү хамгаалж дархлаатай болгоод, жижиг бизнесүүд татварын ачааллыг авч хохирох юм биш үү?

-Би ингэж харахгүй байна. Улсын татварын гол эх үүсвэр нь цөөн хэдэн аж ахуйн нэгжийн төлсөн татвар байдаг гэсэн статистикийг эдийн засагчид ярьдаг. Энд зохистой байдлын тухай л ярьж байгаа байх. Аль нь илүү алтан дундаж вэ. Нийтийн эрх ашгийг гол болгодог улсын төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал байгаа. Нөгөө талаас бизнес эрхлэгчийн хүсэл зоригийг унтрааж болохгүй гэсэн хоёр алтан дундажийн хоорондох асуудал болохоос жижигт нь илүү ачаалал үүрүүлж, томыг нь хөнгөлнө гэсэн байдлаар асуудалд хандаагүй нь харагдаж байгаа. Мөн энэ хуулиар татварыг нь тодорхой хугацаагаар өөрчлөхгүй, тиймээс хөрөнгөө тайван оруул, харин татвараа урьдын адил төлнө гэдэг тодорхой байдлыг бий болгож байгаа болохоос татварыг бууруулах, нэгээс нөгөөд шилжүүлэх зүйл байхгүй.

-Хөрөнгө оруулалтын хуулийн гол зарчим нь юу бол. Таны хэлснээр хөрөнгө оруулалтыг татах хэрэгсэл болж чадах болов уу?

-Энэ хуульд дараах зарчмууд байгаа гэж харагдсан. Нэгд, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгахгүй, адил хандана. Хоёрт, хөрөнгө оруулалтыг зохицуулья.Энэ нь татварын тогтвортой орчныг тухайн хөрөнгө оруулалтад олгох уу, үгүй юу гэдгийг шийдэх шийдвэр гаргах механизмаар, бас хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох механизмаар илэрч байгаа. Гуравт, харьцангуй тодорхой байдлыг бий болгох. Жишээлбэл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг шийдэх өндөр босгыг тавьснаараа эрх зүйн орчны гэнэтийн, цөөн бүлгийн санаачлагаар бий болох өөрчлөлтөд өртөх магадлалыг багасгаж байгаа юм. Мөн ямар татвар тогтворжихыг тухайлан тодорхой заасан байгаа. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг харахад хөрөнгө оруулалтад үзүүлэх сөрөг нөлөөлөл ерөнхийдөө бага болов уу гэж анзаарсан. Гэхдээ хууль “сайн” боллоо гээд эдийн засаг сайжирна гэсэн үг биш. Харин хууль “муу” байх юм бол эдийн засагт сөргөөр нөлөөлдөг нь гарцаагүй зүйл.

-Ямар нэг хууль батлагдаад удалгүй нэмэлт өөрчлөлт ордог. Нэг талаар цаг үеийн байдал гэж харах ч нөгөө талаас улстөрчдийн эрх ашиг гэж харагддаг. Харин энэ төсөл хэр чамбай болсон бол?

-Миний харсан төслөөр бол хөрөнгө оруулалтыг татаж байсан 2012 он хүртэлх эрхзүйн орчны хүрсэн түвшин гэж үзвэл эрх зүйн хамгаалалтын хувьд доошлоогүй байгаа, түвшнөө хадгалах хэмжээний төсөл болсон. Түүнээс гадна хуульзүйн механизм талаасаа хэд хэдэн эерэг зохицуулалт харагдсан. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын шийдвэрийг улс төрийн процессоор буюу улстөрчид шийдвэрлэдэг механизмтай байсан бол энэ төслөөр төрийн мэргэшсэн бүтэц шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө оруулалт Монгол Улсад үр ашигтай эсэх шийдвэрийг эдийн засаг, улс төр, нийгмийн талаас мэргэшсэн этгээд судалж байж гаргана гэсэн үг. Хоёрдугаарт, одоогийн эрхзүйн орчин нь тодорхой нэг хөрөнгө оруулагчтай тухай бүрт хэлэлцээр хийх байдлаар хөрөнгө оруулалтад хамааралтай тухайлсан эрхзүйн орчныг бий болгодог байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээг байгуулах замаар. Тэгэхээр хэлэлцээр хийгчийн дур зорго тодорхой хэмжээгээр байх бололцоотой, мөн адилхан гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчдыг хооронд нь ялгаж хандаж байгаа мэт байдлыг бий болгох сөрөг талтай байсан. Харин энэ хуулийн төсөлд нэгдмэл байдлаар, тодорхой зохицуулснаар үүнийг хязгаарлах сайн талтай болсон. Гуравдугаарт, манай улсын эрхзүйн орчин тогтворгүй гэсэн шүүмжлэлийг байнга дагуулдаг. Хууль байнга өөрчлөгддөг, ингэхдээ хэтэрхий радикаль байдлаар өөрчлөгддөг гэсэн шүүмжлэл гардаг. Энэ нь бизнес, эдийн засгийн орчинд сөрөг, тодорхойгүй байдлыг бий болгодог. Энэ шүүмжлэлтэй холбоотойгоор энэ хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөх УИХ-ын шийдвэрийн босгыг өндөрсгөсөн байгаа. Ердийн үед УИХ-ын хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонх зөвшөөрснөөр хуулинд өөрчлөлт ордог. Тэгэхээр 20 орчим хүн хуулинд өөрчлөлт оруулах бололцоотой. Харин энэ хуулийн төсөлд УИХ-ын нийт, өөрөөр хэлбэл 76 гишүүний гуравны хоёр нь зөвшөөрөхгүй бол Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулах боломжгүй. Хөрөнгө оруулалтын орчинг маш тогтвортой болгож байна гэсэн үг. Иймээс ч энэ хуулийн төслийг маш сайн боловсруулах шаардлагатай.

-Хөрөнгө оруулалтад эрхзүйн хувьд таатай орчинг бүрдүүлж чадах болов уу?

-Эдийн засаг, бизнесийн эрхзүйг сонирхож судалдаг, байнга ажигладгийн хувьд бизнес талаасаа харьцангуй тодорхой байдлыг бий болгоно гэх мэт зохицуулалтыг харвал эерэг шинж нь давамгай хуулийн төсөл гэж харж байгаа.

– Эерэг шинж нь давамгай гэхээр сөрөг тал байна гэсэн үг үү?

-Хуулийн төсөлд зөвлөл  байгуулна гэж заасан байгаа. Энэ зөвлөл нь хөрөнгө оруулалтад тогтвортой байдлын гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй байх юм. Харин 500 тэрбумын өртөгтэй төслийг зөвшөөрөхөд 45 хоног маш богино хугацаа. Зохион байгуулалтын ажлыг хэрхэн хийхээс хамаарч олон хүнийг ажиллуулах шаардлагатай гэх мэтээр төсвөөс гарах зардал нэмэгдэх сөрөг тал үүсгэх магадлалтай. Гэхдээ үүнийг хэрхэн зохион байгуулахаас хамаарч энэ сөрөг талыг шийдвэрлэх гарц байхыг үгүйсгэхгүй.

-Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад өгөх үр өгөөж нь юу бол?

-Эдийн засгийн хувьд би хэлж мэдэхгүй, үнэхээр хөрөнгө оруулалт орж ирэх эсэхийг. Гэхдээ хөрөнгө оруулалтад таатай эрх зүйн орчинтой боллоо гэдэг ойлголтыг хөрөнгө оруулагчдад өгнө. Мөн Монгол Улсад хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгахгүй гэдгийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, төрийн албан хаагчдад ойлгуулж, эерэгээр хандах хандлагыг бий болгох болов уу гэж найдаж байна.

В.БАТЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж