-Байна уу?
-Сайн байна уу. Хүйтэн бороо орох, цочир хүйтрэхийг зогсооно гэсэн үү?
-Тэгнэ. Харин өөрөө хаана, хэдий хэмжээний том талбайтай вэ?
-Би Төв аймгийн Жаргалант суманд багахан хэмжээний газарт хүнсний ногоо тариалдаг юм аа.
-Өө. Ганц айлд туслахгүй ээ. Сумаараа, эсвэл багийн иргэд хамтарч надад хандах хэрэгтэй. Эсвэл хавь ойрдоо хамт тариа тарьдаг цөөнгүй хүнтэй хамт надтай уулз. Тэгсэн тохиолдолд би бороо, цас орох, цочир хүйтрэхийг зогсоож, засал хийх болно. Ах нь бөө л дөө.
-Та тариалангийн газарт өөрөө очих уу. Хэрхэн засал хийх вэ?
-Надтай ирж уулзахад л хангалттай. Би эндээс бүх заслыг хийчихнэ.
-Өргөл, барьц авдаг уу?
-Мөнгөний хэмжээг би шууд хэлэхгүй…
Нэг иймэрхүү яриа өрнөв. Өөрийгөө тэнгэр муухайрч, бороо орох, цочир хүйтрэхийг зогсоох увидастай хэмээсэн дээрх эрхэм бурхнаар бөөлждөг бүсгүй, “дэлхий сөнөнө” гэж хэсэгтээ олныг төөрөгдүүлсэн Г.Оюунгэрэл, “Сахиус залж байна” гээд хүнийг амьдаар нь шалзалсан бөө тэргүүтний нэг үү, эсвэл үнэхээр эрдэм төгс увидастан юм болов уу. Аль нь ч байсан, зар тавьж, сонинд нийтлүүлсэн гэхээр л жигтэй санагдаад байгаа юм даа…