
Сануулахад, өмнө нь тус хороонд үйл ажиллагаа явуулдаг байсан ясли цэцэрлэгийн барилгын талбайг “Ароно” ХХК нь түрээслэн шүдний эмнэлэг ажиллуулдаг байсан бөгөөд тус ясли нь НИТХ-ын 2002 оны 7/36 тогтоолоор хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад орж, түрээсийн давуу эрхтэй “Ароно” ХХК нь хувьчлан авчээ. Анх цэцэрлэгийн зориулалтаар ашиглах нөхцөлтэйгээр хувьчилж аваад таван жилийн хугацаанд цэцэрлэг, шүдний эмнэлгийг хамтад нь ажиллуулсан ч НМХГ-аас цэцэрлэг, шүдний эмнэлгийг хамтад нь ажиллуулахгүй гэх шаардлага хүргүүлж, улмаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Гэвч тус хороонд ганцхан байсан цэцэрлэг ажиллахаа больсноор хорооны хүүхдүүд аль цэцэрлэгт хамрагдах эсэх нь асуудал дагуулах болсон байна. “Ароно” ХХК нь эмнэлгийнхээ чанх урд нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 сарын 12-ны өдрийн 220 тоот захирамжаар 530м2 газар авч, цэцэрлэг болон 22 айлын таван давхар орон сууцны барилга барихаар болсон байна. Уг барилгын угсралтыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг НМХГ-ын 2012 оны 167/2012 дугаараар олгосон ч тус хорооны оршин суугчид цэцэрлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглах, дахин орон сууцны барилга барихыг эрс эсэргүүцэж буй юм. Хуулийн дагуу газар, барилгын зөвшөөрөл олгогдсон ч хорооны цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж, “Ароно” ХХК-ийн шүдний эмнэлэг ажиллаж буй хуучин барилгыг дахин цэцэрлэгийн зориулалтаар ашиглан, орон сууцны барилга барихгүй байх хүсэлтийг оршин суугчид нийслэлийн Засаг даргад гаргасан билээ.