Хуульч хуульчийнхаа тухай

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Хуульч хуульчийнхаа тухай

Монголын хуульчдын холбооны анхдугаар их хурал өнөөдөр эхэлнэ. Энэ их хурлаар Хуульчдын холбоог байгуулж, холбооны гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг батлах юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл:

-Хуульчдын холбоо бол бие даасан, заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд. Хуульчийн лицензыг олгох, мэргэжлийн стандартыг сахиулах явдал өмнө нь төрийн чиг үүрэг байсан. Шинэчлэлийн Засгийн газар төрийн энэ чиг үүргийг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад нь шилжүүлэн өгч байна. Аль ч мэргэжлийн холбоод тухайн мэргэжлийн зах зээл дээр хэн үйлчилгээ эрхлэх вэ гэдгийг шийддэг. Хуульчдын холбооны хувьд хэнд хуульчийн эрх олгох вэ гэдгээ шийднэ. Нэгэнт босго даваад ороод ирчихсэн хуульчид маань чанарын шаардлага буюу мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн дагуу ажиллаж байгаа эсэхэд нь хяналт тавиад, хуульчийн нэр хүндийг унагаж, мэргэжлийн ёс зүйгээ сахихгүй байгаа хүмүүстээ хариуцлага тооцоод явах нь Хуульчдын холбооны хоёр дахь чиг үүрэг.

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат:

-Өмнө нь шүүгч мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд шүүхийн сахилгын хороо, мэргэжлийн зөвлөлд асуудлыг нь тавьдаг, тэр нь Улсын дээд шүүхийн дэргэд байдаг. Прокурорын асуудлыг Ерөнхий прокурорын ёс зүйн зөвлөл, мэргэжлийн зөвлөлд тавьдаг, тэр нь мөн ялгаагүй Улсын ерөнхий прокурорын дэргэд байдаг, тэндээс хүмүүс нь томилогддог, өмгөөлөгчийн ёс зүйн алдаа, хариуцлагын асуудлыг Өмгөөлөгчдийн холбооноос томилогдсон сахилгын хороонд гаргадаг байсан. Тэр байгууллагууд нь жил ирэх тусам шүүгч нь шүүгчээ, прокурор нь прокуророо, өмгөөлөгч нь өмгөөлөгчөө хамгаалдаг байгууллага болж хувираад, түүнээс цааш явах газаргүй болсон. Сайндаа л сонин дээр шүүмжлэгдээд өнгөрдөг. Инээдэмтэй жишээ ч байна. Шүүхийн сахилгын хорооны 15 гишүүний найм нь шүүгч, долоо нь гадны хүмүүс байдаг. Гэтэл найман шүүгч нь “энэ шүүгч алдаа гаргаагүй байна” гэж, нөгөө долоо нь “алдаа гаргасан байна” гэж дүгнэсэн. Нэгэнт шүүгчид, прокурорууд ингэж хамгаалагдаад байхаар Өмгөөлөгчдийн холбоо, сахилгын хороо ч гэсэн “Яахаараа шүүгч, прокурор алдаа гаргадаггүй, муу нэртэйгээр манай өмгөөлөгчид л буруудаж байдаг. Тэгвэл өмгөөлөгч ч гэсэн алдаа гаргаагүй” гээд дүгнэлтээ гаргадаг. Энэ дээрээсээ хамааралтай бүтцийг задалж, хөндлөнгийн оролцоотой, мэргэжлийн хуульчдаас бүрдсэн хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд Хуульчдын холбоог байгуулж байгаа юм. Шүүгчийн ёс зүйн асуудлыг шүүхээс хамааралгүй өмгөөлөгч, прокурор гэсэн хөндлөнгийн этгээд, прокурорын хариуцлагын асуудлыг шүүгч, өмгөөлөгчид, өмгөөлөгчийн асуудлыг прокурор, шүүгчид ярьдаг болно.

Хуульч, судлаач Н.Баасанжав:

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн хувьд хуультайгаа шууд уялдаж байгаа. Хуульчид бол ихэнх үйл ажиллагаа нь хуулиар хязгаарлагдчихсан хүмүүс. Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх, Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын хууль гээд маш олон хуулиар мэргэжлийнх нь харилцааг зохицуулдаг. Энэ дүрмээр ч гэсэн тэр хүмүүсийн хуулиа биелүүлж ажиллахыг л улам баталгаажуулж өгч байгаа юм. Мэргэжлийн дүрмээ баримтлаад ажиллаж байгаа хүн цаанаа аль ч хуулинд комплект үүсгэхгүй ажиллаж чадна. Тиймээс энэ дүрэм хуульчдад хариуцлага хүлээлгэх гээд байгаагаасаа илүү тэдний үйл ажиллагааны өдөр тутмын гарын авлага гэж харагдахаар байгаа. Хуульчийнхаа хувьд баримталж байгаа нийтлэг шаардлагыг өмгөөлөгч, шүүгч, прокурорынхоо үүрэг дээр баримтлаад явах юм бол ямар ч мэргэжлийн, ёс зүйн алдаа гаргахгүй. Гэхдээ үүрэг байгаа бол хариуцлага зайлшгүй гэдэг утгаараа хариуцлагын асуудал тусгагдалгүй яах вэ.

МУИС-ийн ХЗС-ийн багш О.Мөнхсайхан:

-УИХ-аас баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчдад тавигдах нийтлэг стандарт, шаардлага, үүрэг зарчмууд орсон. Хуульчийн мэргэжлийн шалгалтад орж, хуульчийн эрх авсан байна гэх мэтчилэн. Харин холбооны дүрмийн хувьд хуульчид өөрсдөдөө тавигдах шаардлага, үүргүүдийг тодруулах, дэлгэрүүлэх, өндөржүүлэх зорилготойгоор уг дүрмийн агуулга гарч байгаа. Өмнө нь прокурор, өмгөөлөгч, шүүгчид тус тусдаа ёс зүйн дүрэмтэй, түүнийхээ хэрэгжилтийг хянаад явдаг байсан бол одоо хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгч, шүүгч, прокурор бүгдээрээ нийлж байгаад өөрсдөдөө хамаатай нийтлэг зарчим, үүргүүдийг тодорхойлж, дээрээс нь тус тусынхаа чиг үүрэгт таарсан тусгайлсан үүргүүдийг тодорхойлж байгаа. Хуульчдын үйл ажиллагаандаа баримтлах зарчим, үүргийг илүү дэлгэрэнгүй, нарийвчилж өгсөн учраас хэрэглэхэд хялбар, зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага нь хуулиараа тодорхой учраас үүгээрээ энэ дүрэм өөрөө заавал биелэгдэх шинжтэй болж байгаа юм. Өмнө нь шүүгч, прокурор, өмгөөлөгчид тус тусдаа ёс зүйн дүрэмтэй, түүнийгээ зөрчсөн ч хариуцлага хүлээдэггүй байсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт:

-Хуульчийн эрэлт бол буурахгүй байгаа. Харин тэр эрэлтэд нийцсэн мэргэжил ур чадвартай хуульч хэд байна вэ гэдэг нь өөрөө асуултын тэмдэг. Эрх зүйч мэргэжилтэн бэлтгэж байгаа боловсролын тогтолцоо, хуульчийг шалгаруулж байгаа сонгон шалгаруулалт маань өөрөө боловсронгуй болж чадахгүй байна гэсэн үг. Хүмүүс ур чадвартай, хууль хэрэглэх, зөвлөгөө өгөх чадвартай хуульчийг хайж байна. Гэтэл боловсролын тогтолцоо маань онол номыг нь үзсэн, хууль цээжилсэн голцуу хүмүүс бэлтгээд байна. Ингээд нийлүүлэлт нь эрэлттэйгээ авцалдаж өгөхгүй байхаар нэг талдаа хуульчид илдүүдэлтэй, нөгөө талдаа дутагдалтай яваад байгаа. Хуульчдыг бэлтгэхдээ хууль хэрэглэх, хүнтэй ажиллах чадварыг нь хардаг, хүмүүс нь түүндээ илүү суралцдаг болоод ирвэл зах зээл нь бэлэн байгаа. Монгол чинь муу ч сайн ч хөгжөөд байна шүү дээ. Энд, тэнд ажил яваад эхлэхээр түүнийг дагаад хуульчийн хэрэгцээ байдаг л байхгүй юу.

Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №027
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж