-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн баруун, зүүн хоёр уурхай зэрэг ажилласнаар энэ онд Зүүн Цанхиас 4-4,5 сая тонн, Баруунаас 3-3,5 сая сая тонн нүүрс олборлох боломжтой болох юм. Уурхайн хүчин чадал ирэх жилээс нэмэгдэж, баруун, зүүн Цанхиас тус бүр долоон сая тонн нүүрс олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байна. Өнөөдрөөс эхлэн Цанхийн зүүн уурхайгаас БНХАУ-ын Ганц модны боомтод нүүрсээ шууд хүргэснээр тээврийн зардлыг 10 хувиар бууруулж байна. Одоогийн байдлаар Цанхийн зүүн уурхайд 375, баруун уурхайд гэрээт олборлогчид болон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн инженер техникийн ажилтнаас бүрдсэн 350 гаруй залуус байна. Өвөг дээдсээс үлдээсэн үнэт баялаг “хар алт”-ыг олборлож экспортлох, улмаар хувь хишгийг нь Монгол хүн бүрт хүртээх нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж буй уурхайчиддаа онцгойлон талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн 2008 оны сонгуулиар улс төрчид иргэддээ хувь хишиг хүртээнэ гэж амласнаа биелүүлэхээр БНХАУ-ын "Чалко" компанид 350 сая ам.долларын “өр” тавьсан юм. Одоогийн байдлаар энэхүү өрийн 180 сая ам.долларыг “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит ХК-ийн Зүүн Цанхийн нүүрсээр дараад байна. Энэ оноос өмнө үлдсэн 170 сая ам.долларын өрийг барагдуулахаар ажиллаж байгаа юм. Нэг үгээр бол Зүүн Цанхиас олборлож, экспортолж буй нүүрсийг “Чалко” компанид өр барагдуулахаар өгч байгаа юм.
Харин өнөөдрөөс Баруун Цанхийн экспортыг албан ёсоор нээснээр орлого нь манай улсад валютын нөөц нэмэгдүүлэх зэргээр үр өгөөжөө өгөх гэнэ. Баруун Цанхи 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй юм.
Дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно.