Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолж буй бөгөөд өрнө дорнын шилдэг яруу найраг эн тэнцүү орсноороо онцлогтой аж.
Мөн түүнчилэн Монголчуудын яруу найргийн орчуулгын 300 гаруй жилийн түүхэн дэх шилдэг орчуулгаас энэ ном бүтэж буй бөгөөд анх удаа монголын яруу найргийн гарамгай төлөөлөгчдийн бүтээлүүдийг дэлхийн яруу найргийн суутнуудтай эн тэнцүү гаргаж тавьжээ.
“Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан, зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар, үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтлын үүднээс хэзээ ч хуучиршгүй мөнхийн шүлгүүдийг сонгосон” хэмээн уг антологийг эрхлэгч тодорхойлсон байна.
“Гурван зуун шүлэгт” антологийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо сонголт хийж, эмхэтгэж, хянан тохиолдуулжээ. Номыг "Интер" номын их дэлгүүр, Улсын их дэлгүүрийн номын тасаг зэргээр тус тус худалдаалж байна.