Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Ямар notebook авах вэ?

Ямар нөүтбүүк авах вэ? Оюутнуудад зориулав


Зуны амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхэллээ. Оюутан сурагчид дэвтэр номоо базааж завгүй өдрүүдийг өнгөрүүлэхийн хажуугаар, шинэ хүсэл, шинэ мөрөөдлийг тээн сургуульдаа орж байна. Зарим нь шинэ компьютер, шинэ нөүтбүк авч байгаа нь гарцаагүй. Тэгвэл бид танд компьютер авахад тань туслах зорилгоор бяцхан зөвлөгөө өгье (Оюутнуудад хэрэгцээтэй програмын багцыг эндээс харна уу).


Энэ тэргүүний хэрэгтэй зүйлс:

1. Цэнэгээ сайн барьдаг байх

Хичээлийн хуваариас үл шалтгаалаад өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрүүлэх учраас компьютер маань цэнэгээ сайн барьдаг байх шаардлагатай. Тиймээс хамгийн нэгдүгээр шаардлага бол олон цаг цэнэгээ барьх чадвар.

Хамгийн сүүлд Intel-с гаргасан дөрөв дэх үеийн Core процессор (aka Haswell) бусадтай харьцуулбал жаахан үнэтэй боловч тэжээлийг хамгийн бага зарцуулдаг процессор юм.

Та компьютер авахдаа 4000 серийн дугаартай жишээ нь Core i3-4010U гэх процессортой нөүтбүк аваарай.

2. Хөнгөн, нимгэн

Дэвтэр ном авч явахын хажуугаар нөүтбүк үүрч явна гэдэг бол тун зовлонтой зүйл. Тиймээс та аль болох хөнгөн нимгэн нөүтбүк сонгоорой. Сүүлийн үед түгээмэл зарагдах болсон CD ROM-гүй ултрабүүкүүд тун сайн сонголт гэдгийг сана. CD ROM-гүй тэгээд яах вэ? гэж санаа зовох хэрэггүй, тэртээ тэргүй үеэ өнгөрөөж флаш диск орыг нь залгах болсон. Уг нь iPad тун тохиромжтой боловч монгол гарын драйвер байхгүй учраас одоохондоо хэрэггүй. Харин Microsoft-с гаргасан Surface тун боломжын шүү. Харин Atom процессортой Мини бүүкүүдийг ямар ч тохиолдолд авч болохгүйг хатуу анхаар! (Асахыг нь хүлээсээр байгаад үс чинь цайна)

3. Яг тохирсон гар

Хичээлээ тэмдэглэх, бие даалтаа хийх, сошиал сайт ашиглах, чатлах, кино үзэх зэргээр компьютер дээрх бидний хэрэгцээ асар олон. Энэ бүхнийг бид кейбордоороо л дамжуулж хийдэг шүү дээ. Компьютер хэдий хүчирхэг болсон ч гэлээ таны хүслийг хэдхэн оролтоор л хүлээн авч ойлгоно, тэдгээрийн нэг нь компьютерын гар. Тиймээс аль болох хэт том эсвэл жижиг биш хэмжээтэй, стандарт байрлалттай гарыг сонгоорой. Япон, БНСУ болон зарим Европын орнуудаас ирсэн нөүтбүкний гарын товчнуудын байрлал өөр өөр байдаг учраас хэрэглэхэд төвөг учруулдаг. Тиймээс аль болох Америк стандартын гарыг сонгох хэрэгтэй.

4. Өргөн дэлгэц

Жижиг дэлгэц дээр олон цонхтой зэрэг ажиллана гэдэг хэцүү байдаг. Олон цонх зэрэгцүүлж нээгээд зэрэг ажиллахад хамгийн тохиромжтой нь нөүтбүкний хувьд 14 инч болон түүнээс дээш гэж үздэг юм билээ. Гэхдээ гэртээ том дэлгэц аваад давхар ашиглаж бас болно шүү дээ.


5. Баталгаат хугацаа

Манайхны гаргадаг түгээмэл алдаануудын нэг бол аливаа юм авахдаа үнэ болон загварт илүү анхаараад, баталгаа болон буцаан олголтыг тоодоггүй явдал юм. Компьютер бол өндөр технологийн хэрэгсэл учраас эвдрэл гэмтэл гарвал буцааж засахад өртөг өндөртэй байдаг. Тиймээс та аль болох баталгаат хугацаа урттай, засвар үйлчилгээ найдвартай газрыг сонгож, компьютерээ аваарай.


6. Хамгаалалттын програм


Хамгаалалтын програм нь хоёр төрлийнх байдаг. Нэг нь таны компьютерыг элдэвийн вируснаас хамгаалдаг бол нөгөө нь таны компьютер дахь өгөгдлийг аливаа хулгаа болон халдлагаас хамгаалдаг. Kaspersky, McAfee, Norton зэрэг хүчирхэг програмууд байдаг боловч тэднээс дутахгүй зарим талаараа илүү Avast, Microsoft Security Essentials зэрэг үнэгүй програмууд бий. Бидний зүгээс Microsoft Security Essentials -ийг хэрэглэхийг санал болгож байна. Энэ нь Windows 2000-с хойш бүх хувилбар дээр ажиллах бөгөөд маш сайн хамгаалахаас гадна компьютерын ресорс бага шаарддаг учраас хүчирхэг. Windows 8 дээр үйлдлийн системтэй хамт нэгтгэгдээд Defender гэдэг нэртэйгээр гарсан. Шинэ компьютер аваад хамгийн түрүүнд таны хийх зүйл бол хамгаалалтын програм суулгах явдал шүү.

Хэрэггүй зүйлс:

1. Quad-core процессор

Компьютер ашиглахад процессорын цөмийн тоо олон байх тусмаа л сайн. Гэхдээ ихэнх оюутнуудад тийм хүчтэй компьютер хэрэг болдоггүй. Олон цөмтэй компьютер нь ихэвчлэн өндөр нягтралтай бичлэг, зураг, дуу засварлаж янзлах зэрэг том ажлуудыг хийхэд зориулагдсан байдаг. Түүнээс унших, бичих зэрэгт ашиглах гэж байгаа бол огт хэрэггүй. Тиймээс хэрвээ та график дизайны ангийн оюутан биш л бол олон цөм хэрэггүй.


2. Тусдаа график процессор

Та үнэхээр сүүлийн үеийн видео тоглоом компьютер дээрээ тоглохыг л хүссэн бол тусдаа график процессортой компьютер ав. Үгүй бол таны компьютер хөнгөн нимгэн эрчим хүч бага зарцуулдаг байхад л болно.


3. Solid-state диск

Сүүлийн үед ийм дисктэй компьютерууд нэлээд түгээмэл болсон ба эдгээр нь хурдан бас ямар ч дуу гаргахгүй. SSD дискэнд өгөгдөл хадгалж, хуулж авахад үнэхээр хурдан байдаг. Гэхдээ сул тал нь хэмжээ бага, үнэтэй. Жирийн хатуу дисктэй компьютерууд доод тал 500GB байдаг бол SSD дунджаар 128GB байдаг.


4. Мэдрэгч дэлгэц

Windows 8 бол мэдрэгч дэлгэцтэй компьютерт зориулагдсан систем боловч энэ нь оюутнуудад арай л тансаг хэрэглээ болно. Учир нь мэдрэгч дэлгэцээр хийх үйлдлүүдийг бид гар болон хулганаар тун хурдан хийж чадна. Тиймээс мэдрэгч дэлгэцэнд илүү мөнгө төлөхгүй байхыг хүсье. Харин үүний оронд процессор, санах ой, хатуу диск зэрэг үзүүлэлтүүдэд л сайн анхаараарай!


5. 3G сүлжээ

Интернетгүй орчинг огт төсөөлж чадахгүй цаг үед бид амьдарч байна. Зарим нь бүр Facebook-т оролгүй 1 хоносныг “сармагчин болох шахах нээээ” гэж дуулж байна. Гэвч интернетэд холбогдохын тулд үүрэн холбоотой компьютер авах шаардлага байхгүй. Ялангуяа үнэгүй Wifi түгээмэл болсон мөн үүрэн холбооны компаниудын дата багцын үнэ өндөр байгаа энэ үед бол бүр ч хэрэггүй.

За ингээд бидний бэлтгэсэн бяцхан зөвлөгөө танд тус болно гэдэгт найдаж байна. Таны хичээл сурлаганд өндөр амжилтыг манай блогын зүгээс хүсэж байна!

Манай блог хичээлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан оюутан сурагчдад хэрэгтэй мэдээлэл, заавар зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Дараагийн удаа бид та бүхэндээ бусад платформуудын апп-ийг танилцуулах болно.

Уншигч танд мөн сонирхолтой зөвлөгөө байвал бидэнтэй хуваалцаарай!

Та бүхэн бидний нийтлэлтэй холбоотой санал хүсэлт, гомдол байвал бидэнд комментоор эсвэл майл хаягаар ирүүл үү?

Эх сурвалж: www.intechmongolia.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж