Төрийн ордноо эхэлсэн “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үг эндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгааг онцолсон юм. “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, салбарын эрдэмтэн, судлаачдаар дээрх асуудлыг хэлэлцүүлэх, бусад орны бодлого, менежмент, шинжлэх ухааны паркын үйл ажиллагааны туршлагаас суралцах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО хамтран энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм байна.
Нийт 109 байгууллагын 700 гаруй төлөөлөгчид оролцож байгаагийн 70 орчим хувь нь эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн төлөөлөл болсон мэдлэг бүтээгчид байна. Түүнчлэн, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын төлөөлөл болсон яам, агентлагийн болон аж ахуйн нэгж, ТББ-ын төлөөлөл оролцож байна. Тус чуулганы хүрээнд 4 салбар хуралдаан болно. Салбар хуралдааны сэдвийн хүрээнд нийт 16 илтгэгчийн илтгэлийг сонсож, 25 эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид 4 үндсэн сэдвээр хэлэлцүүлэгт оролцож байна. БШУ-ны сайд Л.Гантөмөр “Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэвдээр чуулганы эхний илгэлийг тавьсан.
Үргэлжлээд ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Технологи инновацийн хөгжилд суурь судалгааны гүйцэтгэх үүрэг, чиг хандлага” сэдвээр МУИС-ийн захирал А.Галтбаяр “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Харин гадаадын зочид төлөөлөгчдийг төлөөлж ЮНЕСКО-ийн байгалийн шинжлэх ухааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ёслан Нур “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологи, инновацийн нэгдсэн бодлогын шинэчлэл” сэдвээр, ОХУ-ын суурь судалгааны сангийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Александр Шаров “ОХУ ба дэлхийн шинжлэх ухаан” сэдвээр, ЮНЕСКО-гийн Ази-Номхон Далайн Бүсийн Төвийн захирал Хюберт Гижцэн “Бидний хүсэн хүлээж буй ирээдүйг бүтээхэд шинжлэх ухаан, технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг-2015 оноос хойш” сэдвээр тус тус илтгэл тавьснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм.
Маргааш тус чуулган Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд хоёр дахь өдрийн хуралдаанаар БШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт” сэдвээр Сангийн яамны Төвсийн газрын мэргэжилтэн Г.Цэвээндорж, “Төсвийн бодлого” сэдвээр, ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбарын байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн Ханс Тулструп “Судалгааны сайн орчин бий болгох, тогтвортой үйл ажиллагааг хангах” сэдвээр тус тус илтгэл үргэлжилнэ.
Энэ мэтчилэн чуулганаар шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, салбарын бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбооны асуудлаар талууд зөвшилцөлд хүрэх, олон улсын зөвлөхүүдээс олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, санхүүжилт, бүтэц, хөгжлийн чиг хандлагын талаар туршлага судлах боломж олдох юм. Чуулганы төгсгөлд илтгэл, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын бодлого, бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмж боловсруулах юм байна.