Эрүүл мэндийн салбарын зөвлөлгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын зөвлөлгөөн болж байна

“Эрүүл мэндийн
салбарын ажиллагсадын нийгмийн баталгаа” сэдэвт улсын зөвлөлгөөнийг
өнөөдөр Эрүүл мэндийн яаманд эхэллээ. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 275
дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг бүтээлчээр
тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл
мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгосон билээ. Энэхүү
ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллага бүр хамт олон болон салбарын
түвшинд өөрсдийн нийгмийн асуудлаар хэлэлцүүлэг явуулж, тодорхой
саналуудыг гаргажээ.

Тиймээс эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн
баталгааны тулгамдсан асуудлыг зохицуулах зөвлөмжийг холбогдох
байгууллагуудад хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилготой юм байна. Уг
зөвлөлгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны хүндэт
ерөнхийлөгч С.Ганбаатар, ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга
А.Эрдэнэтуяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал
хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су Нюнт,
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга
Б.Мягмар болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын
төлөөлөгчид оролцож байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн
салбарын ажиллагсадын нийгмийн баталгаа” улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн
үгэндээ монголын эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг
шийдвэрлэхэд өнөөдрийн энэ арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт
итгэлтэй байгаагаа илэрхийлж, зөвлөгөөнд оролцогч эмч, эмнэлгийн
ажилчдыг өөрсдийн өмнө тулгамдаж буй бэрхшээлүүдээ илэн далангүй
ярилцахыг захилаа. Мөн тэрээр “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын
нийгмийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Өнгөрсөн 20 жилийн
хугацаанд хайхралгүй орхисон эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний
тогтолцоог шинэчлэх, ажлын ачаалал, хөдөлмөрийн нормыг тогтоох
судалгааны ажил хийгдэж байгааг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ дурьдаад
өмнөх жилүүдэд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах чиглэлээр
хийгдсэн ажлын үр дүнгийн талаар товч танилцуулсан.

УИХ-ын гишүүн
С.Ганбаатар болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су Нюнт нар эрүүл мэндийн
салбарын ажилчдын нийгмийн асуудал олон зүйлээс шууд хамааралтайг
онцлоод эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар, бүтээмжид түлхүү анхаарах
учиртайг онцолсон юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж