Хуулийн цаана нуугдсан том эрх ашиг

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Хуулийн цаана нуугдсан том эрх ашиг

Есдүгээр сарын 16-нд хуралдахаар товоо тогтоочихоод байгаа ээлжит бус чуулганы гол зорилго нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахад чиглэгдэж буй.  Хуулийг батлах шалтгаан нь тодорхой ч хуулийн агуулга нь харин шалтгаанаа эмчлэхэд чиглэгдэж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Эдийн засагт үүссэн хямралын халууныг бууруулахын тулд яаралтай шингэн хийх нь зүйн хэрэг. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастай гэгчээр түргэн түүхий хууль батлах нь ямархуу хор уршиг авчирдгийг монголчууд бид яс махандаа шингэтэл ойлгосон. Тиймээс тун удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болсон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн сайн мууг олон нийтээр хэлэлцүүлж, санал бодлыг тусгах шаардлагатай юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг олны санаа бодлыг сонсч, авах гээхийн ухаанаар хандаж чадвал цаашид дагуулах таагүй үр дагавраас сэргийлэх арай дөмөгхөн хууль батлагдах болов уу. 

Ханшийн савлагаа, хямрал, эдийн засгийн уналт, иргэдийн бухимдлаар далимдуулан аль нэг бүлэглэл, компанийн эрх ашигт нийцсэн хууль батлах аваас Хөрөнгө оруулалтын  тухай хуулийг өөрчлөх жинхэнэ зорилго нь утгаа алдана. Шинэ хууль Монголд хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэхэд чиглэгдэж, хөгжлийн гарцыг тодорхойлох ёстой болохоос хөрөнгөтнүүдийн эрх ашигт үйлчлэх хамгаалалтын систем болох учиргүй юм. Нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй хууль бидэнд хэрэггүй. Ийм хуулиудын горыг хангалттай амссан монголчуудад судалгаатай, тооцоотой, ард иргэдийн санаа бодлыг тусгасан, үндэсний эрх ашигт нийцсэн, эдийн засагт дэмжлэг болсон сайн хууль хэрэгтэй байна. Үндэсний гэдэг тодотголыг үндэсний монополиудын асуудалтай хольж хутгавал жинхэнэ жонхуу нь тэр болох биз.  

Намрын чуулганаар өөрчлөлт оруулахаар боловсруулсан Татварын багц хуулийн өмнөхөн Хөрөнгө оруулалтын  тухай хуулийг яаран батлуулахаар улайрч буй цаад шалтгааныг нь улстөрчид өөрсдийнхөө бизнесийг хамгаалахад зориулж байна гэж хардах хүн цөөнгүй. Үнэхээр ч УИХ-ын гишүүдийн хэд нь бизнестэйг тоолсноос хэд нь бизнес эрхэлдэггүй вэ гэвэл  хариулахад  амархан болов уу.

Хэрэвзээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дахин судалж, нягталж, тооцохгүйгээр энэ хэвээр нь гулгуулчихвал үндэсний томоохон компаниудын хувьд Татварын багц хуулиар хэмжээ нь өөрчлөгдөх олон татвараас бултах бамбай нь болж магадгүй байгаа юм.  Ингэвэл эдийн засаг тэлэх биш хумигдаж, жижиг, дундчууд нуруун дээрээ үүрэх татварын их ачааллаас болоод үүд хаалгаа барихад хүрч болзошгүй. Тэр цагт юун шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашиг, эдийн засгийн эрх чөлөө вэ. Эдийн засаг тоотой хэдэн компаниудын гарт орно.  Монголчууд тэдний халаасыг харж амьдрах болно.

Татварын тогтолцоонд өөрчлөлт оруулах сургаар, эдийн засгийн нөхцөл байдлаар шалтаглан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэсэн Хөрөнгө оруулалтын гэх нэртэй том эрх ашгийг хамгаалсан давхар зорилго, давхар санаатай хуулийг баталж магадгүй байна. 

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж